Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.02/ хуралдаан 14 цаг 56 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа,
Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон бөгөөд үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан.
Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасныг онцлов.
Эцэст нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 15 нь буюу 78.9 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!