Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 10 секунд

УИХ-ын чуулганы өчигдөр үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт агаарын температур өмнөх жилүүдээс хүйтэн, цас их орж, 2024-2025 оны өвөл, хавар хүндэрч болзошгүй төлөвтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр "2024 онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, энэ өвөл нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна" гээд, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу боловсруулсан аргачлалын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн гэв.

Түүнчлэн газар тариалангийн салбарт 2024 онд улсын хэмжээнд 94.9 мянган га-д малын тэжээл тариалж, 246.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан. Үр тарианаас 50.0 мянган тонн улаанбуудай тэжээлийн будаа руу шилжиж 2024-2025 оны өвөл, хавар мал аж ахуйн салбарт 289.8 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байна. Мөн тэжээлийн импорт хэвийн буюу 2024 он гарсаар 71.2 мянган тонн орж ирснээс 06 дугаар сарын 01-нээс хойш 35.9 мянган тонн орж ирсэн нь өвөлжилтийн бэлтгэлд хэрэглэгдэж байна гэж мэдээлэлдээ дурдсан.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86.7 хувьтай хангагдаад байна. Гэвч энэ нь эрсдэлгүй бөгөөд хангалттай гэсэн баталгаа биш. Учир нь цас, зудны нөхцөл хэрхэн хүндэрч, хэд хоног үргэлжлэхээс нөхцөл байдал ихээхэн хамаарна гэдгийг Монгол Улсын Шадар сайд мэдээлэлдээ онцлов.

Кувейтийн байгаль хамгаалах төвийг байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов
Кувейтийн байгаль хамгаалах төвийг байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов
 
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!