Купоны яам
Баяр хоол хоёр салшгүй холбоотой нь өнө эртнийх. Буузгүй цагаан сар, хуушуургүй наадам гэвэл ямар ч Монгол хүний гол харлаж, гэдэс хоржигнох буй за. Бууз, хуушуур яагаад баярын хүндтэй зоог болсныг яг таг хэлж мэдэхгүй ч ямарваа намзасгийн үүрэг лоозонгоор болоогүйг бол мэднээ. Нүүдэлчдийн хувьд мал сүрэг мэнд тарган өвлийг давна гэдэг том баяр. Хахир хүйтний адаг сард олноор нь хийж хөлдөөн орсон гарсан гийчиддээ тааруулан жигнэхэд бууз яг тохирно.
Хятадууд Юань гүрний эсрэг бослого дэгдээж хоорондын мэдээ сэлтээ еэвэнгийн шанзанд нуудаг байснаас “еэвэн сар” үүсэлтэй гэх ам яриа бий. Зарим эх сурвалж нь тариачид арвин ургац хурааснаа бахдаж амтат бурамтай еэвэн хийдэг байснаас үүдэлтэй ч гэх. Ямартай ч баяр нь хоолтойгоо холбогдох учир шалтгаан үгүй ядаад домог ч болтугай байх аж. Харин улс тунхагласны баяраар битүү шөл зооглох нь зохистой талаар яаж ч бодож сэтгээд төсөөлөгдөхгүй мань мэт дэмий л дээдсийг хилэгнүүлэх юм даа. Лав л ардын хувьсгалын удирдагчид гаминг ялж, богдыг хаан ширээнээс буулгаад битүү шөл идэж баяраа тэмдэглэсэн баримт сэлт түүхэнд үгүй.Тэгэхээр учир битүүлэг битүү шөлний уриалга хаанаас хэрхэн төрөв гэдгийг тааж сэрдэхээс өөр аргагүй болж байгаа юм л даа. Бүүдэгхэн дэн сүүмэлзэх төрийн ордны нэгэн том өрөөнд нэг ийм яриа өрнөсөн шиг байгаа юм.
- Купоноос болж балрахаа алдлаа. Купоны яамыг татан буулга гэж харц ардууд шаардах боллоо.
- Купоны яамаа татан буулгачихвал хэдэн алиалагчаа юугаар тэжээх билээ.
- Купоны яамны нэр хүндийг сэргээх акц хэрэгтэй.
- Купоны сайдад яамныхаа нэр хүндийг өргөх чиглэл өгье.
Дээрээс чиглэл ирж “Намзасгийнхаа” нэрийг шивтэртэй бууцанд булах шахсан купоны сайд зөвлөхүүдээ тойруулан хуралдана.
“Улс тунхагласны баяраар ямар нэг юм хийх хэрэгтэй боллоо. Эхний купончдыг ажилд нь оруулмаар байна”. Үүр цайтал караоекэдсон Пэлжээ яамны ойролцоох Монгол ресторанд хам хум битүү шөл гудраад хөлсөө бурзаалган тэвдсээр хуралдаа арай хийн амжиж санаагаа хэллээ. “Баяр болгон өөрийн хоолтой байдаг. Гэтэл улс тунхагласны өдрөөр Монголчууд ямар хоол идэхээ мэдэхгүй байна. Хэдүүлээ гэр бүлээрээ сайхан битүү шөлөө идэх уриалга гаргавал ямар вэ?” Тун гайхалтай гэж доороо үсчин нэгнээ тэвэрсээр сайдын шуурхай тарав. Ньютон талалцалын хуулийг нээсэнтэй эн тэнцүү “гайхамшигт санаа” төрлөө. Эврика!
Битүү шөл
Яг жирийн Монгол хүнээс битүү шөл анх хэзээ идсэн бэ? гэвэл ихэнх нь “Модерн номадс” мэтийн рестораныг нэрлэх вий. Яг жирийн гэдэг нь ядуу гэсэн үг биш. Уртаашаа 2 жигнүүртэй манайх мэтийн айлыг хэлж байгаа юм. Өдөр бүр тугалын шүүрхий мах сэрээддэг шинэ цагийн эрх гүнж нар жирийн айлууд өдөр бүр битүү шөл иддэг гэж төсөөлж болно л доо. Ботго, тугалаа ялгахгүй хотын булбарай нар дүүрсэн цаг. Харц, язгуураар нь заавал ингэж хэлээд байгаа нь битүү шөлийг тансаг хоол гэсэндээ биш. Ердийн Монгол хоолоо яггүй сайхан хийдэг мань мэт ч битүү шөлийг ресторанд идэхээс гэртээ хийгээд байх нь түгээмэл биш гэдгийг нь хэлэх гээд байгаа санаа.
Битүү шөл хийхэд ажиллагаа ихтэй. Хүний тоотой тэнцүү жигнүүр хэрэгтэй. Дахиад нэмье гэвэл дахиад л жигнэнэ, олон хүнд хүртээхэд төвөгтэй. Шартсан нөхөр, хөхүүл эхнэрээ тэнхэрүүлэх гэж битүү шөл хийдэг халамжит нэгэнтэй бол таарч болно л доо. Лав л “өнөөдөр сайхан битүү шөл идэцгээе” гэж уриалж байсан гэрийнхээ хэн нэгнийг санахгүй юм. Бас айлд очоод сайхан битүү шөлөөр дайлуулж явснаа ч санадаггүй.
Эрх мэдэл гарт нь орохоор өөрийгөө ертөнцийн төв, түүхэнд үлдэх учиртай хүн гэж төсөөлдөг нь ганцхан манай дарга нарынх биш. Хүний орчлонгийн сая сая дарга өөрийнхөө өвийг үлдээх гэж элдвийн шинэ санаа, олны анхаарлыг татах нэр томьёо бодож сэдэж ирсэн. Харамсалтай нь дийлэнх нь түүхэнд ор мөр үлдээлгүй жижиг тархитай нь хамт гаслангий агаарт залардаг. Битүү шөлний аугаа их уриалга ч ийм л тавилантай өчүүхэн хэрэг. Сэтгэж ологч нь өөрийгөө үйл хэргээс томд тооцсон жир нэгэн онцгойрох хэнээтэн. Угтаа бол үйл хэрэг хүнээсээ том байдаг нь ертөнцийн жам.
Битүү хүн
Хүмүүс ярьдаг даа “Дарга болоод амьдралаас тасарсан, шал агаарын юм яриад хөрсөн дээр буухгүй, эргэн тойрных нь важумжуулаад” гэх мэт. Энэ нь жирийн нэг гомдол биш шинжлэх ухааны тогтсон ойлголт ажээ. Шинжлэх ухааны нэрийг түрий барихын учир нь туршилт, онолоор нотлогдсон гэсэн үг. Жишээ нь бид 1 кг төмсийг 1.5 кг гэж хэн нэгэнтэй маргаж чадахгүй. Тэгсэн атлаа байгалийн ухаантай эн тэнцүү туршилтаар нотлогдсон нийгэм, философийн онолтой яаж бол яаж хэрэлдэж чаддаг ард түмэн. Францын хувьсгалын анхны 5 зүтгэлтэн эрх мэдэлд хүрсний дараа хоорондоо тэмцэлдэж ээлжлэн нэгнээ дүүжилсээр ганц нь л амьд үлдсэн түүхтэй. Яг ийм хувь тавиланг Октябрийн хувьсгал, Манай ардын хувьсгал ч 200 жилийн дараа яг л давтсан. Эрх мэдэлд хүрсний дараа хүмүүсийн гаргадаг араншин нийтлэг гажуудал, завхрал нь тухайн хүний ухааны багтаамж, хувийн мэдрэмжтэй төдийлөн хамаагүй. Зүй тогтол, учир шалтгаан нь голдуу тогтолцооноос үүдэлтэйг нотолсон туршилтууд өөрөө онолын гол үндэс болсоор иржээ.
Жишээ нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана гэж амалсан бол эрх мэдэлд хүрмэгцээ тодорхой асуудлыг шийдэхийн тулд шинээр төрийн өмчит компани байгуулах нь чөлөөт эдийн засгийн онолд нийцэхгүй. Онолд нийцэхгүй шийдвэр оновчгүй үр дүнд хүргэнэ. М.Смит, М.Фридманы онол бол өнөө цагт хамгийн хүчинтэй байгаа эдийн засгийн онол.
Хуучин цагт хуульгүй ч гэсэн аливаа шийдвэр “коммунист” ёсонд нийцэх үү гэдгийг тулгадаг онолын механизм ажилладаг байж. Бид ардчилсан болсноороо шийдвэрүүд эх замбараагүй даргын мэдрэмжээр гарч болно гэсэн үг огтоос биш. Тэр тусмаа эрх мэдэлд байгаа хүмүүс өөрийнхөө мэдрэмжийг хянах механизм бүрдүүлэх нь ямар чухал болохыг шинжлэх ухаан маш олон янзаар тайлбарлаж хэлээд л байгаа юм.
Энд нэг чухал онолоос эш татая: Эрх мэдлийг удаан хугацаанд хадгалах нь удирдагчдад "эрх мэдлийн төөрөгдөл" бий болгодог. Судалгаагаар эрх мэдэл нь хүнийг бие даасан бус болгож, тойрон хүрээлэл бий болох замаар бодит байдлаас тусгаарладаг. Тойрон хүрээлэгчид зөвхөн удирдагчийн тааламжийг татахуйц мэдээллийг өгч, үнэн бодит байдлыг нуухад хүрдэг. Энэ нь улмаар шийдвэр гаргахад бодит байдлыг үнэлэх чадварыг бууруулдаг гэжээ. \ Эрх мэдлийн төөрөгдөл ба тусгаарлалтын онол- Keltner, Gruenfeld, & Anderson\
Физикийн хуульд үзүүлдэг хүчний нөлөө хүний эрх мэдэлд яг ижил нөлөөтэй. Хүн эрх мэдэлтэй болмогцоо их хүчийг мэдэрдэг. Тэр хүч нь сулрах юмуу, өөрийнх нь ямарваа шийдвэр буруу байсан нь нотлогдох мөчид айдас, дайсагнал мэдэрдэг учраас улам л хүчтэй болох, эргэн тойрноосоо дайсан хайх зөн совинд хөтлөгддөг ажээ. Яг одоо манай дарга нарын гаргаж буй араншин, гарч буй шийдвэрүүдийн учир шалтгаан одоо ойлгогдож байгаа биз?
Бээжингийн ИС-ын профессор Фэн Южин “Путин засгийн эрхэнд хэт удсанаас болж шинэ сэргэг мэдээллийн хомсдолын занганд орсон. ОХУ-ын Ерөнхийлөгч болон түүний үндэсний аюулгүй байдлын багийнхан үнэн зөв тагнуулын мэдээлэл авах боломжгүй болжээ. Тэдний ажиллаж буй систем нь алдааг засах үр дүнтэй механизмгүй” гэж Экономик сэтгүүлд бичжээ. Эндээс алдааг засах үр дүнтэй механизм гэдэг үгэнд анхаарлаа хандуулаарай. Ардчилсан тогтолцоо нь өөрөө хэн нэгийг эрх мэдэлд хэт удахаас сэргийлдэг. Харин коммунист Хятадад ийм механизм байдаг бол хэрхэн ажилладаг вэ? гэдэг сонирхолтой сэдэв. Ши Жин Пиний илтгэл намын хуралд тавигдахаас өмнө нэрээ нууцалсан эрдэмтэдийн шүүлтрүүрээр орж заавал шүүмж бичигддэг гэх баттай бус яриа байдаг. Еврейчүүдийн 10 дахь хүний дүрэм гэж сонирхолтой механизмыг энд дурдаж болно. Ямар нэг асуудлыг шийдэхэд 10 лаа санал нийлж болохгүй, 10 дахь хүн заавал өөр аргумент хэлэх ёстой. Маркетингаар бол СВОЧ анализ маягийн юмуу даа. Харин манайд бол даргын мэдрэмжээс зөрж ярьсан хүнийг хамгийн түрүүнд амбаардаж гаргана шүү дээ.
Төрийн тогтолцооны уг сурвалж нь улс төрийн намтайгаа салшгүй холбоотой. Жишээ нь МАН-ын босоо тогтолцоо нь тойрон хүрээлэгч үржүүлэх хамгийн тохиромжтой орчин. Намын дотоод бүтцийн байгууллага, сонгуульт ажил, улс төрийн томилгоонд жирийн гишүүдээс бус дээрээс дарга нэр дэвшүүлэх журамтай тул наанадаж өрсөлдөөний тэнцвэргүй байдлыг бий болгоод зогсохгүй намд жирийн гишүүд, нийгмийн төлөөллийн дуу хоолой, үнэн бодит мэдээлэл нэвтрэх сувгийг бүрэн хаадаг. Даргын таалал, мэдрэмжид нийцэх нь хамгийн чухал шалгуур тул төлөөллийн эрх ашиг хөсөр хаягдана гэсэн үг. Аз, мэдрэмж дандаа буруу шийдвэр гаргадаг гэж хэлэхгүй ч бодит байдлаас тусгаарлах хүчин зүйлийг тогтолцоо өөрөө бүрдүүлж байгаагийн нэг тод жишээ бол энэ. Ялгарч салхилах учиртай АН яг араас нь орж нийгмээс тусгаарлагдсан. Өөрийгөө гуравдагч хүчин гэх “Бангладеш” ч ив ижилхэн эрэг шураг холбоод Волтрон угсарч яваа.
Нийгмээсээ тасарсан“ваав” гэж дуу алдам хөндий, цочир шийдвэрүүд битүү шөлөөр дуусахгүй. Хүнтэй биш тогтолцоотой, үзэл бодолтой биш онолтой ноцолдох ёстой гэдгийг ойлгоход цаг хугацаанаас гадна туршилт хэрэгтэй. Харж шохоорходог хөгжингүй орнууд хэдэн удаа хана мөргөж хамраа хугалан байж өдий зэрэгт хүрэв. Яг тэрийг давтаж л таараа. Ингэх явцад замаасаа буцаад авторитор дэглэмд гулсах нь ч бий. Хэн мэдлээ хүмүүс хар цагаан зурагтанд илүү дуртай ч юм билүү.
Г.Мөнхсүх 2024
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!