УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ боловсруулсан тухай тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.
УИХ-аар хэлэлцэж буй 2021 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Тус намын бүлгийн хуралдаанаар үүнийг он дуустал өгөх нь зүй гэж үзсэн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
“Хэрэгцээ нь дуусахаар хүүхдийн мөнгийг олгохгүй байж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа хүүхдийн мөнгийг багасгах болж байна. Бид хүүхдийн мөнгийг бүтэн жилээр нь төсөвт батлаад явах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр Монгол Улсад халамжийн бодлого хэтэрч байна. Янз бүрийн халамжийг нэгтгээд үзвэл нэг өрх дунджаар нэг сая хүртэлх төгрөг авч байгаа юм. Тийм байхад зарим өрхийн хувьд ажил хийх шаардлагагүй болоод байна шүү дээ. Эрүүл мэндийн сайдын ярьснаар, бүхэл бүтэн аймаг, сумын 50-60 хувь нь халамжид хамрагдаж байна гэнэ. Үүнийг бид дүгнэж аль болох халамжаас татгалзаж иргэдээ ажил, хөдөлмөр эрхэлж орлогоо залгуулдаг байх талд анхаарах хэрэгтэй” хэмээсэн юм.
Түүнчлэн тэрбээр, 2021 оны төсвийн төсөлд, Музейн болон соёлын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьж буйг эсэргүүцэв. Тодруулбал, Соёлын яам шинээр байгуулагдсан тул ноднин өргөн барьсан дээрх хуулийн төслийг хариуцсан яамаар нь санал, дүгнэлт боловсруулах шаардлагатайг тэмдэглэв. Ингэснээр, цар тахлын улмаас эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед төсвийн зардлыг хэмнэн тэвчих боломжтой гэж үзэж байгаа юм.