“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас банкнаас 110 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.19/ нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арав дахь өдрөө үргэлжилнэ.
2013 оноос эхлэн шалгаж байгаа уг хэрэгт "Жаст" группын захирал асан Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан юм.
Энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор аравдугаар сарын 5-нд эхэлсэн шүүх хурал “Жаст групп”-ийн захирал асан Ш.Батхүү тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дуусжээ.