Ананастай тахианы сар айсуй...Уламжлал ёсоор бүтэн сар тэмдэглэдэг шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд фитнесс заалууд охид эмэгтэйчүүдийн хөлд дарагдаж тураах цай, кофе, гүйлгэдэг эм, элдэв сүлжээний бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байна. Ёстой л сезоны үе нь.
Баяраас өмнө наанадаж 5 килограмм, цаашилбал 10, 20 килограмм жин хасах хүсэлтэй эмэгтэйчүүд “шинэ жилээс өмнө” хоолоо хасч, махнаас гарч хэдэн өдрөөр мацаг барихад ч бэлэн.
Муужрахын наагуур өдөр, шөнөгүй ингэж хичээсний үр дүнд хүссэн даашинз, гоёлын хувцсаа өмсөх нь өөрт бахархалтай, сайхан ч эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байгаагаа даан ч анзаардаггүй.
Сануулбал, 40 настай эмэгтэй байгууллагынхаа шинэ жилд бэлдээд 4 хоног мацаг бариад амь насаа алдаж байсан золгүй тохиолдол 2019 онд гарч байсан. Гэвч бид тэр үед шуугиад мартсан. Мөн л саяхан нэгэн эмэгтэй дасгалынхаа үеэр ухаан алдаж унасан бичлэг сошиалд цацагдсан нь анхаарал татсан ч тэгсхийгээд мартагджээ. Түүнийг 140 килограмм жингээс дасгал хийж байгаа тухай фитнессийн дасгалжуулагч багш нь шууд лайвдах үеэр ийм гэнэтийн зүйл тохиолдож “түргэн дуудаарай” гэсээр бичлэг тасарсан.
АМИНЫ ҮНЭТЭЙ "AQUA"
Өнөөдөр фитнесс төвүүд тав алхахгүй зайтай нээгдэх болсон нь сайн ч чадах, чадахгүй хүмүүс "турах" чин хүсэл дээр дөрөөлөн хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгааг ч хайхрахгүй өнгөрч болохгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд “өөхөө шатаагаад машин хож”, “жингээ хасаад aqua хожоорой” зэрэг бооцоот уралдаан борооны дараах мөөг шиг болж бусдын зовлого, зовлон дээр дөрөөлсөн бизнес өндрөө авч байна. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг гэхэд нэг их буруудахгүй биз.
Магадгүй мөрий тавиад ямар ч хамаагүй аргаар ялагч болж машинтай болох ч дараа нь эрүүл мэндээ алдсан үедээ өнөөх машинаа зараад ч хүрэлцэхгүй хэмжээнд очсон тохиолдлууд бодит амьдрал дээр та бидний дунд ч бий. Муугаар бодоход амиа алдах ч эрсдэлтэй.
Хэдийгээр ийм асуудал байгаа ч гэнэт идэх гэдсэнд халтай гэгчээр огцом их жин хаях нь эрүүл мэнд, аминд халтай гэдгиййн тод жишээ нь л дээрх тохиолдлууд. Зөвхөн олон нийтэд ил харагдсан нь л энэ болохоос хэчнээн эмэгтэй шинэ жилийн баяртаа бэлдээд богино хугацаанд турахын төлөө өөрийнхөө эрүүл мэндээр тоглож амь насаа дэнчинд тавьсан бол? тодорхойгүй.
Өнөөдөр Монголд усан мацаг, өндөгний дэглэм, тураах цай, кофе ууж, фитнесс зааланд гүйснээрээ мяраалаг эмэгтэй байхгүй байх байсан биз. Бодит байдал дээр гудамжаар зөрөх гурван хүний хоёр нь буяны таргатай болсныг анзаарч болно.
Хэрэв 14 хоногт 10 килограмм жин хасдаг бол өнөөдөр фитнесс заал ч шинэ жил,тэмдэглэлт баяр дөхөхөд эмэгтэйчүүдийн хөлд дарагдахгүй байсан биз.
Өглөөний 07:00 цагт Goku жимээр ороход л битүү хүнтэй байна. Ихэнх нь эмэгтэйчүүд. Харин жирийн өдрүүдэд хүнгүй шахам байдаг нь ердийн л үзэгдэл. Тус төв гэхэд л арваннэгдүгээр сараас эхлээд ачаалалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, жилийн жилд арваннэг, арванхоёрдугаар сард сезоны үе. Гэхдээ арванхоёрдугаар сарын дунд үеэс ачаалал буурдаг аж. Энэ нь шинэ жилийн баярыг угтсан жин хасах бэлтгэлтай шууд холбоотой гэнэ. Харин богино хугацаанд жингээ хасахын тулд огцом дасгал хөдөлгөөн хийх нь дархлаа унаж ядрахаас авхуулаад бэртэж гэмтэх хүртэл эрсдэл өндөр гэнэ.
ОГЦОМ ЖИН ХАСАХЫН ТУЛД БИЕДЭЭ ГЭНЭТ ИХ АЧААЛАЛ ӨГӨХ НЬ БЭРТЭЖ ГЭМТЭХ, ДАРХЛАА УНАХ АЮУЛТАЙ
Goku жимийн үүсгэн байгуулагч Goku жимийн үүсгэн байгуулагч Д.Очир: Шинэ жилийн баярын тэмдэглэлт өдрүүдээр эмэгтэйчүүд бас залуус гоё харагдуулахыг хичээдэг болохоор фитнессийн ачаалал ихэсдэг. Манайх 5 салбартай, фитнессийн ачаалал маш их байна. Өдийд буюу арваннэг, арванхоёрдугаар сард фитнессээр хүмүүс их үйлчлүүлдэг бол арванхоёрдугаар сарын сүүлчээр багасдаг буюу ачаалал буурдаг. Мөн цагаан сарын өмнө ачаалал бага зэрэг буурдаг. Фитнесст ирж байгаа хүмүүс жингээ бууруулах, жингээ нэмэх эсвэл хурдан булчинтай болох хүсэлтэй байдаг. Зарим нь жингээ нэмж байна гэж буруу хооллож таргалалттай болсон тохиолдол ч байна. Энэ бол буруу юм.
Нөгөөтээгүүр, залуус муу зуршилтай байна, зун нь амарч зугаалж идэж ууж биедээ анхаардаггүй мөртлөө шинэ жил дөхөхөөр богино хугацаанд жингээ хасах хүсэлтэй. Богино хугацаанд жингээ хасах нь эрүүл биш. Огцом биеийн жингээсээ хасах нь нэгдүгээрт ачаалал их авна, хоёрт хоолны дэглэм, гуравт нойр дутуу, ядарна.
Улмаар жин буурахад удааширч, дархлааны систем унана. Ингээд сэргэхийн тулд кафейнд донтож элдэв сэргээш хэрэглэх магадлал өндөр болдог. Ерөнхийдөө илүүдэл жинтэй, ямар ч спортоор хичээллэж үзээгүй хүн спиннинг дугуйн дээр огцом жийх нь бэртэл авах магадлал маш өндөр. Мөн гэнэт биет их ачаалал өгөх нь маш муу, сөрөг нөлөө их гэлээ.
Түүний зөвлөснөөр фитнесс, спиннингээр хичээллэхээр бол их жин хаяхад төвлөрөхөөс илүүтэй биедээ аажмаар ачаалал өгөх, хоолны илчлэгээ гэнэт биш алгуур багасгах хэрэгтэй юм байна.
Хэрэв хүн их жин хаяхын тулд спортоор хичээллэж биед их ачаалал өгөх үед бодисын солилцоо идэвхждэг байна. Энэ нь эргээд их идэх, бодисын солилцоог удаашруулах нөхцөл болдог аж.
Энэ тухай тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ " Биед огцом ачаалал авах үед хүн өдөрт 2000 ккал илчлэгтэй хоол иддэг бол 3500 ккал илчлэгтэй хоол иднэ.
Улмаар бодисын солилцоо удааширч гортизол буюу стрессийн даавар ялгарна. Энэ нь эрэгтэй хүнд муу, тестостерон дааврыг дарангуйлдаг бол эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэргээр өөрчлөлт орно.
Иймээс биедээ алгуур ачаалал өгч, хоолоо гэнэт биш аажимдаа багасгах нь зүйтэй. Сүүлд нь зөвлөхөд, хүн энэ биеэрээ ганцхан удаа амьдрах учраас эрүүл байх нь маш чухал шүү гэлээ.
Магадгүй зарим хүмүүс фитнесс, спиннинг заалаар очихгүй ч өөрсдөө дур мэдэн хоолоо сойж, хагас өлсгөлөн гүрийдэг нь та бидний дунд ч бий. Гэвч манайх шиг эрс тэрс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэгт амьдардаг иргэдийн хувьд өвлийн улиралд мацаг барих, жин хасах нь тохиромжгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж байна. Хэрэв хоол сойж, огцом жин хасах нь магадгүй биеийн жинг хассан мэт санагдуулдаг ч өөхний эс буурдаггүй байна.
БАЙГАА ОНОХГҮЙ ХООЛНЫ ДЭГЛЭМ ЭРГЭЭД ХУРДАН ТАРГАЛАХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн албаны хоолзүйч Э.Санчир: Хүмүүс богино хугацаанд их жин хаяхыг хүсдэг. Шинэ жил болоход нэг сарын хугацаа байлаа гэхэд 10-20 килограмм хасах дэглэмүүд их барьдаг.
Огцом жин хасах дэглэм бол эрүүл биш. Богино хугацаанд их хэжмээний шим тэжээлийн дутагдалд оруулж тухайн хүний биеийн нөөцийг шавхаж байдаг.
Энэ нь нэн тэргүүнд дааврын зохицуулалтууд алдагддаг. Ялангуяа бамбайн дааварт өөрчлөлт орно. Цаашилбал, хоолноос авах ёстой шим тэжээлийн дутагдлууд үүснэ. Эргээд их жин нэмэх шалтгаан болдог. Дэглэм барьж үзсэн хүмүүс бүгд мэдэх байх, нэг сарын дотор 10 килограмм жин хассаны дараа энгийн хоолондоо ороход 14 хоногт өмнөхөөсөө илүү их жин нэмдэг. Энэ бол хүний бодисын солилцооны онцлогтой холбоотой.
Өөрөөр хэлбэл, өөхний эс хоол идэхэд томорч, идэхгүй байхад жижгэрч байдаг. Гэтэл их таргалалттай үед огцом жин хасах үед өөхний эсүүд тоогоо хасахгүй хэмжээгээ л жижгэрүүлдэг гэсэн үг.
Тиймээс хурдан жин хасч болох ч маш богино хугацаанд эргээд таргалдаг шалтгаан нь өөхний эстэй шууд холбоотой. Иймд нэг сард биеийн жингийн дээд тал нь 5 хувийг л хасахыг зөвлөдөг. Жишээ нь, 80 килограмм жинтэй бол сард 4 килограмм жин хасахад хамгийн эрүүлээр хасна гэсэн үг.
Гэтэл хоолны дэглэм барьж их жин хасах сонирхолтой хүмүүс байгаа онохгүй байна. Жин хасахад хооллолтоос гадна хөдөлгөөн, сэтгэлзүй, нойр маш чухал. Хэрэв шөнийн ээлжинд ажилладаг хүн хоолоо сойх дэглэм баривал хэзээ ч жин хасахгүй. Учир нь шөнийн нойр маш чухал.
Хэрэв дээр дурдсанчлан сэтгэлзүй, хөдөлгөөн, нойр сайн бол хооллолтоо аажимдаа багасгана, ингээд жин буурдаг. Мөн хоолноос авч буй илчлэгийг хүн тооцох боломжгүй. Тиймээс тавагны зарчим буюу хоолонд орж буй орцыг харж болно.
Нэг үгээр хэлбэл, хоол хүнсний орц найрлага олшрох тусам жин буурна. Харин хоолны орц найрлага цөөн байх тусам жин нэмэгдэх шалтгаан болно. Иймд та өдөрт идэж буй хоол хүнснийхээ орц найрлагыг бодох хэрэгтэй.
Жишээ нь, цайны газар ороход хоолонд зөвхөн цагаан будаа л байдаг шүү дээ. Тэгвэл таны гэрт хэдэн төрлийн будаа байна вэ. Тавагтай хоолонд хэр их ногоо байна. Энэ бүгдийг л бодох хэрэгтэй гэсэн үг гэлээ.
Түүний зөвлөснөөр хүн өдөрт 2 литр ус уухад биед ямар ч өөрчлөлт гарахгүй бөгөөд бодисын солилцоо идэвхжих, бие эрхтэний үйл ажиллагааг дэмжих зэрэг олон сайн талтай гэнэ. Мөн жингээ хасч буй хүмүүс нэн тэргүүнд оройн хоолыг хасах нь нийтлэг. Энэ тухайд түүний зөвлөснөөр хэрэв өдөрт шим тэжээлтэй хоол хүнс хангалттай авч чадаагүй бол орой 18:00 цагаас хоол идэх нь зүйтэй. Харин өдөрт хангалттай их хэмжээний шим тэжээлийг хоол хүнсээрээ авсан бол оройн хоолноос татгалзахад гэмгүй гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!