126 гишүүнтэй УИХ өчигдөр 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны төсөв данхар бүтэцтэй, үр ашиггүй зардлыг танах ёстойг Их хурал дээр шүүмжилж тодорсон нэр бүхий гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа. Түүнийг парламентын гадна суугаа С.Баярцогт сумласан төдийгүй хөшигний ард төсвийн бужигнааныг өдүүлсэн ч гэх яриа өнгөрсөн өдрүүдэд өрнөлөө. Үүний хариуд тэрбээр "С.Баярцогт гуайг хүндэлдэг ч 5 сараас хойш таарсангүй, ярьсангүй. Жинхнээсээ нэг таарч "сумлагдах" юмсан" гэж твиттертээ жиргэлээ. Энэ тухай тэрбээр "Ер нь бурууг байнга шүүмжилсний төлөө, ялангуяа, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгахыг нь эсэргүүцсэний төлөө элдэв дарамт шахалт, гүтгэлэг, дайралт ирдэг л юм байна. Өдий хүртлээ нэг ч хүний цүнх барьж яваагүй " гээд дээрх үгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дайж "Цаашид ямар ч тохиолдолд шударга ёс, үнэн зөвийн төлөө тууштай явах болно" гэдгээ илэрхийлжээ.