Сонины цаас, гурилаар Монгол баатрыг морьтой нь “амилуулагч“ Ш.Баттөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 36 секунд

Сонины цаас, гурилаар Монгол баатрыг морьтой нь "амилуулдаг" Ш.Баттөр гэх эрхэм хүмүүнийг UBN сайт онцолж байна.

Амьдралынхаа 32 жилийг цаас, жонхуутай зууралдаж өнгөрүүлсэн түүнд сэтгэл зүрх, хөлс, хүчээ зориулан бүтээсэн 140 гаруй эх загвар бий. Нэг бүтээлийн эх загварыг гаргахад хамгийн багадаа 6 сар, ихдээ нэг жилийн хугацааг зарцуулдаг гэхээр түүний бүтээлүүдэд ямар их үнэ цэнэ, хүч хөдөлмөр шингэдэг нь тодорхой. Тэр ч утгаараа түүний бүтээлүүд монголчууд төдийгүй гаднынхны харцыг булааж, эрэлт их байдаг аж. Тиймээс бид цаасан шуумлын урлалаар Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулж яваа Ш.Баттөрийн урланд саатаж, цөөн хором ярилцлаа.

-Цаасан шуумал урлалыг сонирхож, бүтээл туурвиж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-1992 онд гар урлалын үйлдвэрт ажиллаж, тухайн үеийн мундаг урлаачдыг дагалдаж гар урлалын ертөнцтэй танилцсан. Багажийг нь дөхүүлж, тамхийг нь асааж, согтоод унахаар нь үүрч гэрт нь хүргэж өгөх гэх мэтээр тал засаж, алхам ч холдохгүй дагаж гүйсний хүчинд маш их зүйл сурч авсан. Тэр үед одоогийнх шиг ийм арвин сонголт байгаагүй. Энэ ажлыг сурчихвал би амьдралаа аваад явчихна гэх ганцхан бодол тээж, бүх чадлаараа хичээсэн. Үүний үр дүнд өөрийн гэсэн арга барилаа олж авсан. Хожим нь 1997 онд өөрөө бие дааж хийж эхэлсэн. Эхэндээ мэдээж амар байгаагүй. Олон ч бүтэлгүйтсэн. 2, 3 жил тэгж яваад 2000 он гэхэд өөрийн гэсэн стиль, арга барилтай болж жинхэнэ бүтээл хийж эхэлсэн.

-Одоо таны урын санд зөвхөн таных гэх тодотголтой хэчнээн бүтээл байна вэ?

-Өөрөө судалж, өөрийнхөө мэдлэг мэдрэмжээр эх загварыг нь гаргасан бэлэг дурсгалын 140 гаруй эх загвар байна. Яг өнөөдрийн байдлаар идэвхтэй хийгдэж байгаа нь 50-60 загвар бий.

-Сонины цаас, гурил ашиглаад ийм гайхалтай бүтээл урлан гэхээр нүдээр үзээгүй хүн итгэхэд бэрх юм. Цаасан шуумал гэх урлалын талаар мэдээлэл өгөөч?

-Товчхондоо бол сонины цаасыг олон давхарлаж хэвэн дээр нааж хийдэг. 100 хувь гараар бүтдэг учраас ажиллагаа ихтэй. Түүнийгээ дагаад үнэ цэнэ нь ч нэмэгддэг.

-Бэлэн хэв ашиглаж хийдэг гэсэн үг үү?

-Бэлэн хэв ашиглаад цаасан шуумал хийдэг хүмүүс бий. Миний хувьд өөрөө эх загвараа гаргаж, хэвээ өөрөө хийдэг. Манай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг бол морьтой баатар. Үүний эх загварыг гаргахын тулд би хүний биеийн антом, монгол морины онцлог, биеийн бүтэц, угсаатны зүй гээд маш их зүйлийг судалсан. Асар их судалгаа хийсний үндсэн дээр эх загвараа гаргаж, түүнийгээ баримлын шавраар хийгээд тэндээсээ хэвээ гаргаж авсан. Авсан хэвэн дээрээ сонины цаасыг олон давхарлаж, жонхуугаар наадаг. Ингээд их бие нь бэлэн болно. Үүний дараа оёдлын үйлдвэрээс авсан хаягдал материалаар дэл, сүүл, хувцас хэрэгсэл гээд бүх зүйлийг нь гараар хийдэг. Ингэхдээ аль цаг үед амьдарч байсан ямар баатрыг дүрсэлж байгаагаасаа хамаараад тухайн цаг үеийн өмсгөл, зүүсгэлийг судалж, онцлог хэв шинжийг нь хадгалж хийхийг хичээдэг. Мэдээж би оёдолчин биш учраас дээл хувцас хийх амар биш. Дээл оёдог настай хүн авч ирээд эхнээс нь бүгдийг нь заалгасан. Дээл яаж эсгэхээс эхлээд бүх зүйлийг сурсан. Алхам тутамдаа суралцаж, судалж өнөөдрийг хүрсэн байна.

-ЦААСАН ШУУМАЛ ХИЙЖ СУРАХ ГЭЖ АМЬДРАЛЫНХАА 10 ЖИЛИЙГ ЗАРЦУУЛСАН-

-Цаасан шуумлаар нэг бүтээл хийхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

-Дээр хэлсэнчлэн эх загварыг нь гаргахад маш их хугацаа шаарддаг. Хамгийн багадаа 6 сар, ихдээ жил гаруй хугацааг зөвхөн эх загвар гаргахад зарцуулдаг. Эх загвараа гаргачихсан байхад цаасан шуумлаар долоо хоногт 2-3 бүтээл гаргах боломжтой.

-Энэ их сониныг цуглуулна гэдэг бас амаргүй ажил байх?

-Сонгууль гэж нэг сайхан юм байна шүү дээ. Саяын сонгуулиар гэхэд би нэг портер сонин цуглуулсан. Ирэх 4 жилд хангалттай хүрнэ. Дараагийн сонгуулиар дахиад л цуглуулна. Нэг ч гэсэн зүйлд хэрэг болог л дээ. /ИНЭЭВ/

-Хаягдал цаас, гурил ашиглаж материалын зардалгүй бүтдэг ч маш их хөдөлмөр, нарийн ажиллагаатай юм байна?

-Тийм. Би үүнийг хийж сурах гэж амьдралынхаа 10 жилийг зарцуулсан. Зөвхөн эх загварыг нь гаргахын тулд бүтэн жил энэ урландаа амьдрах нь холгүй суудаг. Гэтэл хүмүүс үүнийг ойлгодоггүй. Хаягдал материал ашиглаж, зардалгүй хийчхээд өндөр үнэ хэллээ гэдэг. Гар урлалын бүтээлийн үнэ цэнэ гэдэг юугаар хийсэн бэ гэхээсээ илүү хэр их хөдөлмөр зарцуулсан, хийц, чанар нь ямар байна гэдэгтээ л байдаг.

-Эдэлгээ хэр даах вэ. Сонины цаасаар хийсэн болохоор бороо, усанд тэсвэргүй гэсэн үг үү?

-Цаасыг олон давхарлаж наагаад зөв технологиор хатаачихаар яс шиг хатуу болдог. Маш бөх гэсэн үг. Усанд уусдаггүй будгаар буддаг учраас усанд тэсвэртэй.

-СОЛОНГОС ХҮНЭЭС ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ СУРЧ, ЭХ ОРОНДОО АВЧ ҮЛДЭХ АЗ ТОХИОСОНД БИ МАШ ИХ БАЯРЛАДАГ-

-Цаасан шуумлаас гадна хиймэл синтетик материaлаар бэлэг дурсгалын бүтээлүүд хийдэг юм байна?

-Зөвхөн цаасан шуумал хийнэ гэвэл хэцүү. Долоо хоногтоо 2, 3 хан ширхэг гарах боломжтой учраас зөвхөн цаасан шуумал хийгээд амьдралаа залгуулна гэдэг амаргүй. Тиймээс 2007 оноос хойш орчин үеийн технологиор хийж эхэлсэн. Товчхондоо бол хиймэл синтетик материaл ашиглаж эхэлсэн. Эх загвар гаргах процесс нь адилхан ч хийх аргачлал нь өөр. Хөдөлмөр зарцуулалт бага. Хиймэл давирхайг шингэн болгож зуураад хэвэнд цутгадаг. Цаасан шуумал бүтээл долоо хоногт 2-3 гарч байхад синтетик материaл ашиглаж хийсэн бүтээл долоо хоногт 20, 30 гардаг. Тэр ч утгаараа үнэ хямд байдаг.

-Гаднаас нь харахад төмрөөр хийсэн юм шиг л харагдаж байна?

-Тусгай металлын будгаар буддаг учраас тэгж харагдаж байгаа юм. Энэ технологийг сурч, эх орондоо авч үлдэх аз надад тохиосонд би маш их баярладаг. Би 2000-аад оны үед нэг солонгос хүнтэй хамтарч үйлдвэр байгуулахаар болсон юм. Тэр хүн намайг Солонгос явуулж, туршлага судлуулсан. Бүх технологио сураад үйлдвэрээ байгуулах гэтэл тээвэр зуучлалын асуудлаас болоод бүтээгүй юм. Тэр ажил бүтэлгүйтэж тухайн хүн нутаг буцсан ч би технологи авч үлдэж чадсан. Ингээд материалыг нь АНУ-аас өөрөө захиалж авчраад одоог хүртэл жижиг үйлдвэрлэл явуулж байна.

-НАДАД 2 КГ ГИПС, АМ ДӨРВӨЛЖИН КАРТОН ЦААС БАЙХАД ХҮҮХЭЛДЭЙ ХИЙГЭЭД ЗАХЫН "ART SHOP"-Д ӨГӨӨД 100 МЯНГАН ТӨГРӨГ АВЧИХНА. ХЭЗЭЭ Ч ХООСОН ХОНОХГҮЙ-

-Та өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Урланд сууж ажилладаг 4 хүн. Гэрээсээ ажилладаг 4 хүн. Нийт 8 хүн бий. Хамгийн багадаа 10 гаруй жил надтай хамтарч ажилласан хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс миний эх загвар, миний технологийг ашиглаж бүтээгдэхүүн хийгээд зах зээлд борлуулдаг. Нэг бүтээгдэхүүнээс би 10 хувийн ашиг авдаг юм.

-Таны урлангийн байр их том юм байна шүү дээ. Цаашдаа үйлдвэрлэл болгоод хөгжүүлээд явах бодол бий юу?

-2006 онд би энэ урлангийн байраа худалдаж авсан. Ковидоос өмнө бол олон ажилтантай үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. Өвөлд нь бүтээгдэхүүнээ хийгээд зун нь жуулчид ирэхээр худалдаанд гаргадаг байсан. Гэтэл ковидоос үүдэлтэйгээр бараг гурван жил манай улс жуулчин аваагүй. Ингээд бидний ажил зогсонги байдалд шилжсэн. Хамгийн сүүлийн мөнгөөрөө цалингаа тавьж, ажилчдаа тараагаад нохойтойгоо 2-уулахнаа үлдсэн. Одоо аялал жуулчлал сэргэсэн ч монголд үйлдвэрлэл эрхлэх улам л хэцүү болж байна. Татвар хураамж, дарамт гээд ЖДҮ эрхлэх амар биш болсон.

-Та бүтээлээ хаагуур борлуулдаг юм бэ. Судлаад үзэхэд сурталчилгаа хийдэггүй юм шиг харагдсан?

-Манайх их дэлгүүрт нэрийн лангуутай. Би болон манай хүмүүс бүтээгдэхүүнээ тэнд борлуулалдаг. Ямар ч сурталчилгаа хийх шаардлагагүй. Хийсэн болгоноо борлуулж чаддаг. Үйлдвэрлэж л чадвал тэр хэмжээгээр зах зээл бий.

-Таны яриаг сонсохоор зөвхөн таны мэддэг технологи, арга барилууд их байдаг юм шиг байна. Энэ бүхнээ зааж сургасан гарын шавь бий юу?

-Байхгүй. Намайг унаад өгөхөөр энэ бүхэн хамт үгүй болно гэхээр харамсалтай санагддаг. Тэр ч утгаараа шавь бэлдэх хүсэл бий. Даанч тийм боломж их хомс. Одоо үе нийгмээ дагаад их хурдтай болсон. Над шиг нэг зүйлийг хийж сурах гэж 10 жил зарцуулах хүн гэж байхгүй. Бүрэн төгс хийж сурахын тулд дор хаяж 5 жил зарцуулах шаардлагатай. Тэгэхээр хэн энд цаас, жонхуутай зууралдаад 5 жил суухыг хүсэх вэ дээ. Тэг гэж хүчлэх ч боломжгүй. Залуучууд надтай холбогддог танд шавь ормоор байна. Сурмаар байна гээд. Харамсалтай нь хэд хоноод л шантраад алга болчихдог. Зарим нь бүр нэг хоёр хоног сурчихна гэж боддог юм шиг байгаа юм. Тэглээ гээд тэднийг буруутгах аргагүй. Энэ чинь 21 дүгээр зуун. Бүх зүйл хурдтай болсон. Хэн ч амьдралынхаа 5, 10 жилийг цаас, жонхуутай зууралдаж өнгөрүүлэхийг хүсэхгүй шүү дээ.

-Уг нь бол нэг сурчихсан байхад ажилгүй болно, хоосон хононо гэж санаа зовох зүйлгүй. Хаягдал цаасаар ч үнэ цэнтэй бүтээл хийгээд мөнгө олох боломж байна шүү дээ?

-Яг тийм. Хүний хүч хөдөлмөрөө зарцуулж, хичээж сурсан мэдлэгийг хэн ч булааж авч чадахгүй. Тодорхой ур чадварыг эзэмшчихсэн тохиолдолд тэр хүнд боломжууд өөрөө хаалгаа нээгээд эхэлдэг. Жишээ нь би ажилгүй болоод хоосон хонох дээрээ тулахад, надад 2 кг гипс, ам дөрвөлжин картон цаас байхад хүүхэлдэй хийгээд захын "ART SHOP"-д өгөөд 100 мянган төгрөг авчихна. Хэзээ ч хоосон хонохгүй.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Би одоо 50 гарчихсан. Ингээд бодохоор надад идэвхтэй ажиллах 10-аад жил л үлдэж байна. 30 жил хүнд зориулж юм хийлээ. Одоо үлдсэн энэ хугацаагаа өөртөө зориулж юм хийхэд ашиглана гэж бодож байна. Эхний ээлжид өөрөө эх загварыг нь гаргасан 140 загвараараа үзэсгэлэн гаргах санаа байна. Харин дараа нь сурсан мэдсэнээ бүгдийг нь шингээсэн том бүтээл хийж үлдээхэд зарцуулна гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.

“Яармагийн 1-р буудал“-ын нэршлийг ​​​​“Хангарди цогцолбор“ болгож өөрчилнө
“Яармагийн 1-р буудал“-ын нэршлийг ​​​​“Хангарди цогцолбор“ болгож өөрчилнө
 
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!