Их хотын нүд гялбам шилэн барилгууд дунд чөлөөтэй алхах зам алга. Энд тэндгүй ухаж сэндийчсэн газар, том том шугам хоолойны труба овоолжээ. Даарин дээр нь давс гэгчээр өнөөх хэрүүлийн алим болсон бродер сольж, зам дээр хүмүүс дайруулах шахам зэрэгцэн алхаж байна.
ХОТЫН ТӨВИЙН ҮНЭТЭЙ ГЭХ БАРИЛГУУД ХАЛУУН УСГҮЙ 5 САРЫН НҮҮРИЙГ ҮЗЖЭЭ, ЮУН ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ!
Сүхбаатарын талбайн ард байрлах энэ хэсэгт Чойжин ламын сүм музейтэй залгаад Meru Tower, Blue Sky зэрэг барилга, үйлчилгээний газрууд бий. Харамсалтай нь, хотын төвд үнэтэйд тооцогдох энэ байршил тоос шороондоо дарагдаж, айл өрх, албан байгууллагууд нь зутруухан дүр зурагтай байна.
Blue Sky тауэрийн чанх ард байрлах Меru тауэр орвол угтах хэсэг буюу ресепшэн нь тень залгасныг харахад хүйтэн байгаа нь элт. Энд 20 гаруй өрх амьдрахаас гадна цайны газар, matrix үсний салон болон эмнэлэг, гоо сайхан зэрэг 10 орчим үйлчилгээний байгууллага бий.
Тэд хэрэглээний халуун усгүй худалч хүнд хагас жил гаруйн нүүрийг үзэж, хүйтний улиралд халаалтгүй өдийг хүрчээ. Энэ барилгыг хариуцсан менежер нь өрөөндөө нөмрөгтэй, ханиалгасаар угтлаа. Саяханаас халаалт, хэрэглээний халуун ус ирсэн гэх болов ч өрөө нь жиндүү. Тэр халаалтгүй байранд даарснаас ханиад хүрсэн гэдгээ хэллээ. Түүнийг Л.Чимгээ гэдэг.
Тэрбээр "Есдүгээр сарын 15-ны дотор айл өрх, албан байгууллагуудын халаалтыг өгөх ёстой ч манайд ирээгүй. Хэдхэн хоногийн өмнөөс л халуун ус ирлээ. Зунаас хойш таван сарын дараа л ирж байна шүү дээ. Манай барилгад орон сууцны айл өрхүүд байдаг учраас гомдол тасрахгүй байна. Халуун уснаас гадна халаалт одоо ч байхгүй бололтой. Хүйтэн байна. Даарсандаа ноосон нөмрөгөө нөмөрчихөөд л сууж байна. Ханиад ч хүрлээ. Гэтэл энд нэр хүнд бүхий том компаниуд байдаг, хотын төвд үнэтэй байршил учраас гадаад, дотоодын том уулзалтууд болдог.
Манай барилгад гэхэд л гадны зочид ирсэн ч орж гарч чадахгүй үсэрч харайсан л байдалтай. Юун тэр хөрөнгө оруулалт манатай. Маш таагүй сэтгэгдэлтэй л үлдэж байгаа шүү дээ.
Халуун усны тухайд л гэхэд бид ч яах вэ, сардаа нэг удаа айлд усанд орж байна, гадаадынхан өдөр бүр л шүршүүрт ордог учраас үгээ хэлсэн байх аа. Одоо шөнөдөө хасах хэмийн хүйтэн хонож байхад гадуур хүйтэн усных нь шугам хоолой хөлдөхийг ч үгүйсгэхгүй" гэв.
ШУГАМ ХООЛОЙНЫ АЖИЛ ЗУУН ЗАДГАЙ ЖАРАН ХАГАРХАЙ, ХҮМҮҮС ЗАМ ДЭЭР ГАЦАЖ БАЙНА
Түүний хэлснээр арваннэгдүгээр сарын 20-ны дотор энэ шугам хоолойн ажлыг дуусгана гэж мэдэгдсэн ч бүх зүйл нь зуун задгай, машинууд гарааш руу орж, гарах боломжгүй байдалтай байгаа аж. Үүнээс болж гараашийн орлого болох 20 гаруй сая төгрөг байхгүй болж.
Асуудал нь, эндэхийн оршин суугчид, үүгээр зорчиж буй хүмүүс километр хүрэхгүй газар өчнөөн цаг түгжрэх шалтгааны нэг нь болж цаг хугацаа, мөнгөөрөө хохирч байна.
Учир нь барилгын гарааш руу орох, гарах боломжгүй, зам дээр өнжиж буй. Энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа “Гадаа ямар их түгжрэлтэй байгааг харсан биз дээ. Энэ барилга уг нь гарааштай. Гэтэл энэ цэвэр усны шугам гэх трубануудаас болж энд тэндгүй онгичсон байдалтай, дээр нь нээх муухай бродюрууд авчраад тавьчихсан, нэг ч машин орж, гарч чадахгүй байдалтай байна шүү дээ. Ядахдаа замынх нь өргөнөөс хасаад энэ бродюруудаа суулгаад унах вий дээ гэж айж байна" гэлээ.
Нэг үгээр хэлбэл, аль хавар, зуны шугам сүлжээний ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй ундуй сундуй байгаа нь энэ. Зуун задгай, жаран хагархай гэгчээр ямар ч төлөвлөгөөгүй, сунжирсан энэ мэт ажлаас болж аж ахуйн нэгжүүдэд учирч буй алдагдсан боломжийн өртгийг шууд тооцох аргагүй.
ТООС ШОРООНООС БОЛЖ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ТУХ АЛДАЖ, ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭ ХААГДСАН БАЙНА
Наад захын жишээ дурдвал, Чойжин ламын сүм музейн эсрэг талд байрлах цомхон кофе шоп бий. Тус газар үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн тасардаггүй. Гэвч дуусдаггүй шугам сүлжээний ажлаас болж наад зах нь үйлчлүүлэгчид зогсоол олдохгүй алгасах болж, зуны цагт террасны орлогоо алдсан байна. Уг нь үйлчилгээний газруудын хувьд зуны улиралд террас орлогын голлох хөшүүрэг болдог аж. Харин энэ зун сезоны улирлыг арга буюу алдав.
Энэ талаар кофе шопын менежер Э.Лхагвасүрэн ярихдаа “Манайх шугам сүлжээтэй хамааралгүй ч эргэн тойронд тоос шорооноос болж өнгөрсөн зун террасаа хаасан. Тоос шорооноос гадна зогсоолоос болж зарим үйлчилгээ хязгаарлагдсан. Эргэн тойронд тоостой байгаа нь хэнд ч тухгүй” гэлээ.
BLUE SKY ХАЛУУН УСАА БОЙЛУУРААР ХАЛААЖ, ХҮЙТЭНД ТЕНЬ ЗАЛГАЖЭЭ
Мөн хотын төвдөө л ганц “нүүр царай нь болсон” шилэн барилгуудын нэг Blue Sky тауэр халаалт, хэрэглээний халуун устайгаа залгажээ. Өнгөрсөн хавраас хойш халуун усгүй байсан бол хүйтний улирал эхэлсэн өдрүүдэд нэмэлтээр тэнь тавих зэрэг аргалсаар ирсэн аж. Тус газрын мэдээлснээр “Зуны хугацаанд халуун усгүй. Аялал жуулчлалын улирал тул усаа заавал бойлуураар халааж байсан тул цахилгааны төлбөр өндөр буюу нэмэлт зардал гарч байгаа юм. Гэтэл есдүгээр сарын 15-аас хойш халаалт ирэх ёстой, гадаа хүйтэрсэн байхад дулаангүй. Жуулчдын тав тухыг хангах үүднээс нэмэлтээр тень залгасан. Цахилгааны төлбөрт нэмэлт зардал их гарсан" гэлээ.
Нийслэлийнхний халуун ус, дулааны хэрэгцээг өнөөдөр 370 гаруй километр үргэлжлэх шугам сүлжээ хангаж байна. Эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Харин 20 гаруй хувь нь 30-60 жил болсон байна. Муугаар бодвол өвлийн тэсгим хүйтэнд хөлдөх ч эрсдэл бий.
Хэзээнээс ч юм бүү мэд, жилийн жилд хавар зун нь халуун ус хязгаарлаж, намар нь зам хааж, нүх ухдаг дүр зураг хэзээний л нүдэнд дасал болчихож. Харин шөнөдөө хасах хэмийн хүйтэн хонож буй намрын зэврүүн өдрүүдэд хотын төвийнхөн усаа халааж аяга тавгаа угааж, айлд усанд орж, гэртээ хөвөнтэй дээлээ нөмрөхөөс өөр аргагүй нөхцөлд амьдрахаас өөр аргагүй нөхцөлд орохоос наагуур байна.
Ердөө хэдхэн хоногийн өмнөхөн л хөлдөхийн наагуур хэл ам таталж байж халуун ус, халаалт нь иржээ. Угтаа бол айл өрх, эмнэлэг цэцэрлэг сургуулийн халаалтыг есдүгээр сарын 15-ны дотор, албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 15-ны дотор өгсөн байх ёстой.
Хотын төв гэгддэг байршилд халаалт, хэрэглээний ус байхгүй удсан нь одоо хүртэл дуусаагүй шугам сүлжээний ажилтай холбоотой гэх хардлага, шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс дараах тайлбарыг өгсөн билээ.
ШУГАМ ХООЛОЙНЫ ГЭМТЛИЙГ ТАВДУГААР САРЫН 15-ААС ЗАСВАРЛАСАН БОЛ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ДУУСАХ БАЙСАН ГЭВ
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр хэлэхдээ: Манайхаас үндсэн шугамыг нь өмнөх долоо хоногийн бямба, ням гарагт залгасан. Гэтэл салаа шугам дээр байдаг Хуримын ордны ойролцоох тав, зургаан аж ахуйн нэгж бий. Шугам хоолойнууд нь нэг салаа замаар гүйсэн байдаг. Гэтэл тавдугаар сард шугамд гэмтэл гарч хаагдсанаас хойш засвар хийхгүй зуны турш байсан. Уг нь огт ажил хийгдээгүй биш, шугамаа солиод өөрсдөө хийж байна билээ, өнөө маргаашгүй дуусна гэж тухайн компаниас нь мэдээлсэн. Харин ямар компани энэ ажлыг хариуцаж байгааг хэлж мэдэхгүй. Хэрэв тухайн ажлыг тавдугаар сарын 15-аас эхэлсэн бол наймдугаар сарын 15, эцсийн хугацаа есдүгээр сарын 1-нд дуусах байсан. Гэтэл сонгууль өнгөрснөөс хойш хугацаандаа амжихгүй ийм асуудал болчихлоо. Өнөөдрийн байдлаар хэрэглээний халуун ус, халаалт холбоогүй айл өрх, албан байгууллага байхгүй" гэлээ.