Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль баасан гарагт явагдаж, дүнгээ гаргасан. Нийслэлд 45 мандатаас 40-ийг нь МАН, тавыг нь АН авсан бол ХҮН нам ямар ч суудал аваагүй. Харин орон нутагт 21 аймгаас 14-т нь МАН, долоод нь АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулаад байна.
Тэгвэл бид аль аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар ялалт байгуулж мөн ялагдал хүлээсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Тухайлбал,
- Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид Булган сумын 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж 932 хүний санал авч ялалт байгуулжээ.
- Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Хутаг-Өндөр сумын 15-р тойрогт АН-аас нэр дэвшиж 981 санал авч дөрөвдүгээрт жагссан байна. Өөрөөр хэлбэл, тус тойрог нь гурван мандаттай учраас тэрбээр ялагдал хүлээгээд байгаа юм. Харин түүний өрсөлдсөн тойрогт МАН-аас нэр дэвшигч Одбаатарын Далайцэрэн 1058 санал авч ялалт байгуулжээ.
- Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Бугат сумын 14-р тойрогт АН-аас нэр дэвшиж 507 саналтайгаар ялалт байгуулжээ.
- Дархан-Уул аймын Засаг дарга Б.Азжаргал 17-р тойрогт МАН-аас нэр дэвшиж 590 саналтайгаар ялалт байгуулжээ.
- Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Сайншанд 11-р тойрогт МАН-аас нэр дэвшиж 1168 саналтайгаар нэгдүгээрт жагсаж, ялалт байгуулсан байна. Тус тойрог нь гурван мандаттай бөгөөд гурвууланд нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулжээ.
- Дорнод аймгийн Засаг дарга Борын Бат-Эрдэнэ Хэрлэн 17-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, 944 саналтайгаар ялалт байгууллаа. Тус тойрог нь хоёр мандаттай бөгөөд хоёрдугаарт АН-аас нэр дэвшигч С.Ганбат 917 саналтайгаар жагсжээ.
- Дундговь аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Мөнхтөрийн Анхбаяр нь АН-аас Сайнцагаан 8-р тойрогт нэр дэвшсэн ч 394 саналтайгаар МАН-аас нэр дэвшигч Төгсийн Мөнхбаярт нэгхэн саналын зөрүүгээр ялагдсан байна. М.Анхбаяр нь тус аймгийн АН-ын дэд даргын албыг мөн хашдаг аж.
- Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Их-Уул 8-р тойрогт МАН-аас нэр дэвшиж 1922 саналтайгаар нэгдүгээрт жагсаж, ялалт байгуулсан байна. Тус тойрог хоёр мандаттай бөгөөд мөн МАН-аас нэр дэвшигч Д.Мягмардорж хоёрдугаарт жагсжээ.
- Орхон аймгийн Засаг дарга Мишигийн Түмэнжаргал нь Баян-Өндөр 18-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, 676 саналтайгаар ялалт байгуулжээ. Тус тойрог хоёр мандаттай. Хоёрдугаарт, АН-аас нэр дэвшигч Л.Давааням 632 саналтайгаар жагссан байна.
- Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал 10-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, 1569 саналтайгаар ялалт байгуулсан байна. Хоёр мандаттай тойрог учраас АН-аас нэр дэвшигч Сүхээгийн Мөнхбат 1199 саналтайгаар хоёрдугаарт жагсжээ.
- Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нь Баруун-Урт 19-р тойрогт АН-аас нэр дэвшиж, 761 саналтайгаар ялалт байгуулжээ. Хоёрдугаарт, мөн АН-аас нэр дэвшигч Д.Мөнхзул 741 саналтай бичигдсэн байна.
- Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Баянчандмань 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, 1137 саналтайгаар ялалт байгуулжээ. Тус тойрог гурван мандаттай бөгөөд мөн МАН-аас нэр дэвшигч Б.Уранжаргал 794 саналаар хоёрт бичигдсэн байна. Харин гуравдугаарт АН-аас нэр дэвшигч Э.Улаанхүү 672 саналтайгаар бичигдсэн аж.
- Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд Жаргалант 9-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, 479 саналтайгаар ялалт байгуулжээ.
- Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн 21-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, 1177 саналтайгаар ялалт байгуулжээ. Гурван мандаттай энэ тойрогт мөн МАН-аас нэр дэвшигч А.Баярмаа 902 саналтайгаар хоёрдугаарт жагссан бол АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбаатар 900 саналтайгаар гуравдугаарт жагсжээ.
- Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав нь АН-аас нэр дэвшиж, 1096 саналтайгаар ялалт байгуулжээ.
- Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн МАН-аас нэр дэвшиж, 665 саналтайгаар ялалт байгуулжээ.
- Өмнөговь аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Дэнээдорж АН-аас нэр дэвшиж, 1054 саналтайгаар ялалт байгуулжээ. Хоёр мандаттай энэ тойрогт мөн АН-аас нэр дэвшигч А.Гантулга 898 саналаар хоёрдугаарт бичигдсэн байна.
- Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият МАН-аас 21-р тойрогт нэр дэвшиж, 599 саналтайгаар ялагдал хүлээжээ. Харин АН-аас нэр дэвшигч К.Бахытжан 835 саналаар ялалт байгуулсан байна.
- Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МАН-аас Баянхонгор 10-р тойрогт нэр дэвшиж, 741 саналтайгаар хоёрт жагсжээ. Харин хоёр мандаттай энэ тойрогт АН-аас нэр дэвшигч Т.Баярмагнай 933 саналаар нэгдүгээр жагссан байна.