Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ баасан гараг буюу аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан энэ сарын 10-12-ны хооронд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглох юм.
Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Мөн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй байх зохицуулалттай юм.
ХУУЛИЙН ЗААЛТ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйл.
69.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана.
69.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
69.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
69.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.