Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Эрүүл мэндийн яам үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулаад байна.
Тодруулбал, нүд болон шүдний үзлэгийг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг "Орбис" Интернэйшнл олон улсын байгууллага болон АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимтэй хамтран зохион байгуулсан бол өнгөрсөн пүрэв гарагт зүрхний эмгэгийн эрт илрүүлэг хийх анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, мэргэжил аргазүйгээр хангалаа.
Нэгдүгээр ангийн сурагчдын энэхүү эрт илрүүлэг нь Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээний эхлэл бөгөөд эхний ээлжид энэ 10 сараас эхлэн Улаанбаатар хотын ЕБС-д сурч буй 38 мянган нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулахаар ийнхүү бэлтгэл ажлаа хангаад байна. Харин хөдөө орон нутгийн сурагчдыг 2025 оны 1 дүгээр улиралд багтаан хамруулах аж.