УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх асуудлаар үргэлжилж байна. Төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг Аудитын газрын дарга Д.Загджав танилцууллаа.
Аудитын газрын дарга Д.Загджав: Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл нь Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж буй. Гэвч УИХ-ын жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй байгаа учраас гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасалдах эрсдэлийг тооцох шаардлагатай байна гэж үзсэн.