Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 56 секунд

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Гишүүд Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан гадаадын зээл, үнэт цаасны бүртгэлийн асуудал, мөн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл, цахилгаан хуримтлуур нэмж байгуулахын ач холбогдол, Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээтэй болгох ажил, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар асууж Засгийн газрын болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дурдаад, хэрэглээний савалгаатай үед ОХУ-аас эрчим хүч импортоор авах техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн тул тохируулга хийхэд хэрэглэхээр Багануур дүүрэгт бага оврын хуримтлуур барихаар төлөвлөсөн гэсэн юм.

Засгийн газрын болон орон нутгийн үнэт цаас улсын төсөвт зарцуулалтаараа бүртгэгдээд явж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлаж, орон нутаг, тухайлбал, нийслэл хот үнэт цаас гаргахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг бөгөөд зөвшөөрөл өгөхийн өмнө Сангийн яам судалдаг талаар мэдээлэл өгөв. Улаанбаатар хот, Эмээлт, Дархан-Уул болон Баянхонгор аймгуудад хөдөө аж ахуйн үйлдвэрийн парк байгуулж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Харин Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр мэдээлж, уг хөтөлбөрт саналаа өгч хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.

Улмаар гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг шаардлага хангасан гэж үзсэн тул тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

МАРГААШ: Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж, 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж, 8 хэм дулаан байна
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.