Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өвчтөн эдгэрсэн ч ар гэрийнхэн нь хүлээж авдаггүйн улмаас СЭМҮТ-д 20-25 жил эмчлүүлж буй 6 хүн байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 57 секунд

"Өвчтөнийг эмнэлгээс гаргах тухай ар гэрт нь мэдэгдэхэд ирж авдаггүй. Зарим тохиолдолд эмнэлэг зардал гаргаж өвчтөнийг орон нутагт нь хүргэж өгөхөд ар гэрийнхэн нь хүлээж авдаггүй, гэртээ оруулдаггүй. Ийм байдалтайгаар эмнэлэгт 20-25 жил эмчлүүлж байгаа 5-6 хүн байна. Мөн ар гэрийнхэн нь гэртээ байлгахыг хүсээгүйгээс өвчин сэдрээгүй байхад хуурамч дуудлага өгч хэвтүүлэх шалтаг тоочдог" гэж Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн /СЭМҮТ/ ажилтан ярив.

Түүнчлэн түргэн тусламжийн 103 дугаарын дуудлагаар 1 эмч, 1 сувилагч дуудлагад явдаг бөгөөд эмч нарын аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хэрэгсэл хэрэглэх боломжгүй. Дуудлагаар явахаар өвчтөний ар гэрийнхэн гарч зугтах, өвчтөн эмч рүү дайрч цохих, нулимах, доромжлох асуудал их тохиолддог аж. Цагдаагийн албан хаагчийн тусламжийг авах хуулийн заалттай ч цагдаагийн албан хаагч тэр бүр тусламж үзүүлж чаддаггүй учраас 103 дуудлагаар явахдаа тусгайлан хамгаалагчтай байх шаардлагатай гэдгийг онцлов.

СЭМҮТ-д галзуу, солиотой хүмүүс л хэвтдэг гэх ойлголт аль хэдийн хоцрогдсон. Тус төвд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, сэтгэцийн эмгэг судлалын клиникүүд, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, хүүхэд өсвөр үеийн клиник, шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиник, яаралтай тусламжийн клиник, асрамжийн клиник, сүрьеэгийн тасаг бий.

Харин СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт эмчлэгдэж байгаа хүний ихэнх нь хүний амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн учраас албадан эмчилж байгаа, мөн тус клиникт шүүгчийн захирамжаар Шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийхэд тодорхой хугацаагаар хэвтүүлж, хяналтад байлгах, ажиглалт хийлгэхээр ирсэн өвчтнүүд хэвтдэг аж. Өдгөө тус клиникт 38 хүн эмчлүүлж байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2012-2021 оны хооронд буюу 10 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн 144 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бөгөөд дээрх хэрэг хариуцах чадваргүй хүний дийлэнх нь шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг өвчтэй байсан ба хий үзэгдэл, дэмийрэл, сэтгэл хөөрөл, гутрал, эмгэг төрх төст шинж, хам шинж илрэн гардгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийжээ.

Шизофрени өвчтэй хүмүүсийн нийтлэг зовуур нь чихэнд дуу хоолой сонсогддог, өөрийнхөө ер бусын итгэл үнэмшлийн тухай ярих. Тухайлбал, өөрийгөө байгалиас давсан хүч чадалтай, ер бусын авьяас билигтэй, ид шидтэй хэмээн үнэлэх, мөн бусдын хавчлага, мөрдлөг, хяналтад байгаа хэмээн итгэсэн итгэл, үнэмшилд автсанаа ярьцгаадаг аж.

Гэтэл сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн газар барих асуудал аль 2013 оноос эхэлж яригдсан ч өнөөдөр сураггүй хэвээр.

НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте 2022 оны аравдугаар сарын 14-ний өдрийн урьдчилсан дүгнэлтэд "СЭМҮТ-д 20-25 жил эмчлүүлж буй эмчлүүлэгчид байсан. Тэдэн дундаас эмнэлгээс гаргах боломжтой 120 хүн байгаа гэдгийг ажлын хэсэг олж мэдсэн. Гэсэн хэдий ч нийгэм, хамт олонд түшиглэсэн тусламж үйлчилгээ байхгүй, мөн тэдгээр хүмүүсийг харж хандах, тусламж, дэмжлэг үзүүлэх гэр бүл, төрөл садан байхгүй учраас тус төвөөс хэзээ гарах нь тодорхойгүй байсаар байна. Цаашид үүнтэй адил асрамжийн үйлчилгээ болон нийгэм, хамт олонд түшиглэсэн тусламж үйлчилгээг илүү өргөжүүлэх хэрэгтэй байна" гэдгийг ч онцолж байжээ.

Төрөлжсөн асрамжийн газар барих асуудал хаана гацав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 11 дэх илтгэлийг хэлэлцсэн тухай” хоёрдугаар тогтоолын 10 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх” чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байдаг.

Засгийн газраас уг асрамжийн газрыг байгуулахтай холбогдуулан 2017 онд эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, 2018 онд зураг төсөв батлан барилгын ажлын явцыг 50 хувьд хүргэх, 2019 онд барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч үйл ажиллагааг эхлэх зэрэг төлөвлөгөө боловсруулсан боловч өнөөгийн байдлаар ахиц дэвшил гараагүй дээрх тогтоол цаасан дээрээ өтөлжээ.

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн санхүүжилт нийт Эрүүл мэндийн төсвийн хоёр хувийг эзэлж, үүний 64 хувийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн санхүүжилт нэмэгдээгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаад нөлөөлж буй нэг хүчин зүйл гэж албаныхан үзэж байна.

39 хүний 13 нь ямар хугацаагаар албадан эмчлэхийг шүүх шийдвэртээ тусгаагүй

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт 39 хүнд шүүхийн шийдвэрийн дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэн албадан эмчилж байгаа хэдий ч дээрх 39 хүний 13 нь ямар хугацаагаар албадан эмчлэхийг шүүх шийдвэртээ тусгаагүй бол 26 хүнд 1 сараас 8 жил хүртэл хугацаагаар уг арга хэмжээг хэрэглэхээр шүүхийн шийдвэрт тогтоожээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд сэтгэцийн байдал нь засрал сайжрал олоогүй, эдгэрээгүй бол тухайн этгээдэд хэрэглэсэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг хэрхэн тогтоож, ямар хугацаагаар сунгах нь тодорхойгүй байна.

Тухайлбал, шүүхээс хугацааг тогтоогоогүй 13 хүнийг засрал сайжрал олоогүй үндэслэлээр 5-20 жилийн хугацаагаар тус байгууллагад үргэлжлүүлэн албадан эмчилж байна.

Ихэнх улсад 6 сар тутам шинжээчийн дүгнэлтийг үндэслэн албадан эмчилгээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох, хугацаа сунгах эсэхийг шүүх хянан шийдвэрлэдэг гэнэ. Тухайлбал, ОХУ, БНКУ, Япон Улс Бельгийн Хаант Улс, Израил Улсад 6 сар тутам, Грек Улсад 2 жил тутамд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг үргэлжлүүлэх, сунгах, зогсоох асуудлыг шийдвэрлэдэг байна.

2017-2023 оны байдлаар нийт албадан эмчилгээнд хамрагдсан 99 иргэдийг насны байдлаар авч үзвэл 75 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй, 30 хувь нь Улаанбаатар хотын, 69 хувь нь орон нутгийн иргэд эзэлж байна.

СЭМҮТ нь 20 гаруй жилийн өмнө ийм нөхцөлд байгаа хүмүүсийг эмнэлгээс гаргаж, тусад нь амьдруулах зорилгоор эмнэлгийн хашаан дотроо Монгол гэр барин зарим эмчлүүлэгчдийг тусад нь гарган, тусгайлсан асрамжийн үйлчилгээ үзүүлж байжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Асран хамгаалах хүнгүй, гэр оронгүй эмчлүүлэгчийг албадан эмчилгээ дууссаны дараа СЭМҮТ нь холбогдох байгууллагад хүсэлтээ гарган асуудлыг шийдвэрлэж ажиллана” гэсэн заалт амьдрал дээр огт хэрэгжихгүй байгааг дээрх жишээнээс харж болно.

ХЭҮК-ын гишүүний 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 3/46 дугаар шаардлагад "Албадан эмчлүүлэх хугацааг шүүхийн шийдвэрт заагаагүй, хугацаа заасан ч асран хамгаалах харгалзан дэмжих хүнгүй, холбогдох баримт материал дутуу гэх шалтгаанаар эмнэлгээс гаргахгүй байгаа асуудлыг СЭМҮТ дангаараа шийдвэрлэх боломжгүй, тогтолцооны шинжтэй, хүний эрхийн асуудал бөгөөд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай" гэдгийг ч онцолжээ.

Түүнчлэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журмыг холбогдох хуулиар зохицуулсан боловч шүүхийн практикт тухайн зохицуулалтыг хэрэглэхэд хүндрэл учрах болжээ. Тухайлбал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх эмнэлгийн дэглэм, хугацааг тодорхой заагаагүй.

Уг арга хэмжээг сунгах тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр. Тиймээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх асуудлыг зохих хууль тогтоомжид тусгах шаардлагатай болжээ.

Энэ амралтын өдрүүдэд дараах 5 байршилд зам хааж, засварын ажил хийнэ
Энэ амралтын өдрүүдэд дараах 5 байршилд зам хааж, засварын ажил хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.