МЕТРО ХОТ: Таны гуйлтад ҮГҮЙ гэж хариулсан нэгнийг өстөн дайснаа бүү БОЛГООЧ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Өнөөдөр завтай бол нэг тус болооч”, “Цалин буутал түр мөнгө зээлэхгүй биз”...

Энэ мэт асуултууд танд урьд өмнө нь ирж байв уу. Та ч бас эдгээр асуултыг хэн нэгнээс асууж байсан уу. Магадгүй энэ мэт асуултыг бусдаас асуух нь хувь хүний эрх ч өгсөн хариултад нь хүндэтгэлтэй хандах нь та бидний ухамсрын асуудал. Учир нь хүн бүр хүсээгүй зүйлээ хүчээр хүлээн зөвшөөрөх боломжгүй шүү дээ.

Нэг ёсондоо “ЗА” гэж хэлээд бусдын хүлээлтэд нийцэх үү эсхүл “ҮГҮЙ” гэж хэлээд бусадтай өстөн дайсан болох уу гэдэг сонголт хийхийг бид эдгээр асуултаар дамжуулан бусдаас шаарддаг.

Энэ мэт эцэс төгсгөлгүй асуултуудад хариулах даацтайхан шалтаг гаргаж ирэхгүй л бол амиа хичээсэн, бэртэгчин нэгэн болоод хувирчихна. Угтаа бол хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн бодолтой. Бусдын хүссэн хүсэлтэд, асуусан асуултад ямар хариулт өгөх нь хувь хүний л эрхийн асуудал.

Гэвч харамсалтай нь гуйсан гуйлтад нь “ҮГҮЙ” гээд хариулчихвал өстөн дайсан болох хэмжээнд хүрэх нь энүүхэнд болж. Бүр урьд өмнө нь найз нөхөд байгаагүй мэтээр зэвүүцэн харьцах хүмүүс ч олон болж.

Аль 30 жилийн өмнөөс л бид хүний эрх, эрх чөлөө, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах ёстойг ойлгож, тэр ч бүү хэл зарлан тунхагласан. Гэтэл энэ хугацаанд бид өөрсдийнхөө эрх ашгийг илүүд тавьж, бусдын эрхэд хүндэтгэлгүй ханддаг амин хувиа хичээсэн хүмүүсийг бий болгожээ.

Үнэн хэрэгтээ “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш” гэдэгчлэн өөрийн хүсэхгүй, чадахгүй зүйлээ эсэргүүцсэнээр муу хүн болчихгүй нь лавтай. Бусдын хүссэн хүсэлтэд үгүй гэж хэлэх эрх та бидэнд бүгдэд бий. Ядарсан үедээ автобусанд явж байхдаа суудал тавьж өгөхгүй байх нь таны эрх, баасан гарагийн орой найз нөхдийнхөө шахалтаар хамт гарахгүй байх нь ч таны эрх. Тиймээс хүн юу хүснэ түүнийгээ л хийх эрхтэй. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд бусдын эрхэд халдах ёсгүйг ч ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас

“Би чамаас юм гуйж үзээгүй дээ”, “Найз ганц нь юм гуйж байхад даа”, “Сүртэй юм” гэх мэт үгсээр илэрдэг бусдаас авах сэтгэлгээгээ өнөөдрөөс эхлэн хаяцгааж, хүсэхгүй байгаагаа, дургүй байгаагаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг норм болгохыг энэ удаагийн МЕТРО ХОТ булангаараа дамжуулан уриалж байна.

Б.Энхжин

“Ажнай“ Д.Бат-Эрдэнийн холбогдсон НҮҮРСНИЙ ХЭРЭГ АТГ дээр ГАЦЖЭЭ
“Ажнай“ Д.Бат-Эрдэнийн холбогдсон НҮҮРСНИЙ ХЭРЭГ АТГ дээр ГАЦЖЭЭ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!