Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын давж заалдах шатны шүүх хуралдаан болж, анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг бууруулсан. Ингэхдээ Б.Ганхуягийн “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь олны анхаарлыг татсан юм.
Тэд шүүхээс албан тушаалын асуудлаар ял авсан болж, нүүрсний хэргийг өөрсдөөсөө зайлуулав.
Нэхэн сануулья,
40 их наядын хулгай гэх тодотголтой энэ хэрэгт анх 17 улстөрчийг зарлаж, эцэст нь 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн түүхтэй. Тэр нь Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Гэтэл хачир дээрээ “нүүрс” гэх үг ороогүй ч шүүхээр орж таслуулсан нь Т.Аюурсайхан, Б.Ганхуяг болж байх шиг. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэл үүрнээсээ ч цухуйсангүй.
Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнд холбогдох хэрэг одоо хэр нь прокурорт шилжээгүй АТГ-т гацжээ.
Магадгүй энэ янзаараа өнөөдрийг хүртэл нам гүм байгаа УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнийн жижиг гэгдэх орон нутгийн Тавантолгойн асуудал ч ажиг, сэжиггүй удах байх.
Эргэн сануулахад, гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх асуудлаар хуулийнхан шалгаж байсан ч хэрэг нь шүүх рүү боогдсонгүй, түгжигдэв.
Мөн Капитрон банкны эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэрэгт холбогдуулж шалгах явцад тэрбээр ногдол ашгийг хууль бусаар өөртөө болон өөрийн эзэмшлийн банкны дансаараа авч, ашиглан их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан хууль бус үйлдлүүд ч тогтоогдсон гэгддэг.
Тэр ч бүү хэл 2006-2022 онд Өмнөговь аймагт 286.3 тэрбумын ногдол ашиг олгохоос 6 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлээгүй байсан зэрэг олон асуудал хөврөх учиртай.
Гэвч эцэст нь идэр есийн хүйтэнд Сүхбаатарын талбайд хонон өнжин жагссан иргэдийн тэмцлийн үнэ цэнэ үгүй болж, “НЭРСИЙГ ЗАРЛА” лоозон, “Нүүрсний хулгайчдыг шийтгэ” гэсэн иргэдийн шаардлага дурсамж төдий болж үлдэхээр байна.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!