Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэрсэн Монгол“ гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Монгол Улсад "Ройтерс" агентлагийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан, чөлөөт сэтгүүлч Ирьяа Халашийн "Сэрсэн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд нээжээ.

Үзэсгэлэнг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан гаргаж байна. Тэрбээр Монголд ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед манай оронд ажиллаж байсан гадаадын цөөн сэтгүүлчдийн нэг юм. Тэрээр үзэсгэлэндээ 80 гаруй гэрэл зургийг дэлгэж, мөн ном бүтээснээ танилцууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай улсын нийгмийн шилжилтийн түүхийн чухал үеийг монголчууд бидэнд баримтжуулан үлдээсэнд нь хатагтай Ирьяа Халашт талархлаа илэрхийлсэн юм.

Ирьяа Халаш хэлэхдээ, "Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулаад “Сэрсэн Монгол” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд эхний ээлжинд гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан, цаашдаа энэ тухай баримтат кино хийнэ" гэсэн юм.

Үзэсгэлэнг нээх үеэр Ирьяа Халашийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар шагнажээ. Тэрбээр үзэсгэлэнгийн нэрийн талаар хэлэхдээ, "С.Цогтсайхан агсан тухайн үед монголчууд муухай зүүдлээд сэрсэн гэх утгаар дуугаа дуулсан гэж би боддог. Тиймээс сэрээд сэрээд гэсэн "Хонхны дуу"-тай холбон үзэсгэлэнгээ нэрлэсэн. "Хонхны дуу" монголчуудыг хуучин коммунист нийгмээс шилжихэд сэрээсэн" хэмээжээ.

Үзэсгэлэнд тавьсан зургуудаас тэрээр онцлохдоо, "Миний тухайн үед авсан зургуудаас хамгийн их үнэ цэнтэй нь Монголын ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсны зургууд юм. Тэр шөнөжингөө унтаагүй, сахлаа ч авч амжаагүй, Сүхбаатарын талбайд ирэхдээ маш их ядарсан байсан. Гэтэл хүмүүстэй уулзаад гэнэт л маш сайхан энерги цацруулж инээж эхлэнгүүт нь авсан зураг. Энэ бол түүхэн зураг" гэв.

"Өөр нэг зураг бол тэр доор зогсож  байгаа оюутнууд. Улс төрийн товчооноос магадгүй хүч хэрэглэж жагсаалыг  зогсооно гэж байсан. Тэр үед оюутнууд талбайд орж ирсэн. Энэ бол миний хувьд маш "хүчирхэг" зураг. Мөн туг барьсан залуугийн зураг байна. Бүх хэрэг бүтсэн. Энэ хүмүүсийн царай бүхнийг хэлсэн. Энэ бол ялалт. Энэ утгаараа энэ их нөлөөтэй зураг юм" хэмээлээ.

ФОТО: Диснейн дүрүүдтэй
ФОТО: Диснейн дүрүүдтэй "хамтран амьдрагч" залуу
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.