Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Батцогт: Ардчилсан нам бол нээлттэй. Хэн дуртай нь орж ирж намын гишүүн болоод, нэр дэвшиж болно

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 20 секунд

НИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам ШИНЭ намтай эвсэж оролцох болсноо илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Нэр дэвшилттэй холбоотой цаг үеийн асуудлаар нийслэлийн АН-ын дарга Т.Батцогттой ярилцлаа.

-Та бүхэн ШИНЭ намтай эвсэж НИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийллээ. Эвсэх шалтгаан нь юу байв?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнг нийслэлийн хэмжээнд судалж харлаа. Ингээд харахад, намууд саналаа нэлээн хуваасан байна лээ. Жишээлбэл, ШИНЭ нам нийслэлийн хэмжээнд 7 хувийн санал, Үндэсний эвсэл мөн 7 хувь, ИЗНН 8 хувь, АН 21, МАН 27 хувиар хуваасан байгаа юм. Эндээс храрахад, нийт иргэдийн 50-иас дээш хувь нь дэмжээгүй байхад МАН эрх барьж, дангаараа засаглаад байна. Миний дурдсан тоон мэдээллээс харахад, 70 хувь нийслэлд ардчиллыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан үзэлтэй иргэд 70 хувь нь байхад, эрх баригч МАН 30 хувийн дэмжлэг авчхаад дангаараа засагладаг байдлыг өөрчлөхийг хичээж байгаа.

-Ардчилсан нам нээлттэй. Хэн дуртай нь орж ирээд, гишүүн болж болно-

-Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавив. Бажи, Д.Мөнх-Эрдэнэ, О.Отгонтөгс нар нэр дэвшихээр болсонд олон нийт анхаарлаа хандуулж байна. Танай намаас эдгээр хүмүүст ямар нэг санал тавьсан юм уу?

-Ардчилсан нам бол нээлттэй шүү дээ. Хэн дуртай нь орж ирээд, намын гишүүн болж болно. Гэхдээ тодорхой дүрмийг сахиулах хэрэгтэй. Шүүхэд бүртгүүлсэн дүрэм журам гэж бий. Энэ дүрэм журмыг зөвшөөрч, үзэл санаа нэгдэж байна гэж үзэж байвал нээлттэй байхгүй юу. Нэр дэвшигчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, Сонгон шалгаруулах хороогоор нэр дэвшигчид тодорсон. НИТХ-д иргэдийн дуу хоолой хэрэгтэй. Тэнд сонгогдох гэж буй төлөөлөгчид иргэдийн дуу хоолой байх ёстой. Ингэж чадах хүмүүсийг л нэр дэвшүүлж байгаа.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол маш чухал. Нийслэлийн АН-ын мөрийн хөтөлбөрт 2012-2016 онд “Гудамж төсөл”-ийн удирдаж байсан Ерөнхий зохицуулагч н.Батболд ажилласан. Түүний ард маш олон судлаач, эрдэмтэд байгаа.

-Улаанбаатар хотыг удирдаж буй нэгж болгон хулгайчтай-

-Сонгуулийн тойрог томссонтой холбоотойгоор зардал нь ч нэмэгдэж байна. Үүнийг та юу гэж харж байна?

-Энэ сонгуулиар эрх баригч МАН дүнгээ тавиулна шүү дээ. Өнгөрсөн 4 жилийн үр дүнгээ 90 хувь гэж дүгнэж байна лээ. Би бол 0 хувь гэж хэлнэ. Өнөөдөр Улаанбаатар хот аз жаргалтай байж чадаж байна уу. Гэрээсээ гараад л түгжрэлийн асуудал, явган хүний зам нь авах юмгүй. Утаа гээд дуусахгүй олон асуудал байна. Гэхдээ эрх баригчид төсвийг тогтмол нэмж байгаа. Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв маш огцом нэмэгдсэн. Энэ жил 3 их наядаар яригдаж байна.

Ажил хийе гэвэл мөнгө хангалттай байгаа. Гол нь мөнгөө зөв зарцуулж чадахгүй, сэтгэлгүй байна. Хулгайч нар үүрлэсэн байна. Улаанбаатар хотыг удирдаж буй нэгж болгон хулгайчтай. Хийх ажлын төсвийнх нь 30 хувийг хулгайлчихаар ажил нь яаж явах юм бэ.

-Өрсөлдөгч буюу эрх баригч нам “20 минутын хот” концепцийг боловсруулж, мөрийн хөтөлбөртөө шингээж байна. Та бүхэн ямар бодлого боловсруулж, үүнийг эсрэг ажиллах юм бэ?

-Бүгдийг хүүхдийн төлөө хийнэ. “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэж ярьдаг шиг ухаантай царайлсан хүмүүсийг бүх зүйлээр нь дэмжээд, ямар ч ахиц алга байна шүү дээ. Хангалттай төсөв, эрх мэдэл нь байна. Гэтэл энэ нөхдөд улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэл алга.

-Та нийслэлийн намын даргын хувьд хотод засаглана гэсэн амбиц хэр байна?

-Намууд сонгуульд яах гэж оролцдог вэ. Өөрсдийн боловсруулж, сонгогчдод танилцуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж, сонгуульд ялахын төлөө өрсөлддөг. МАН-д эрх мэдэл, мөнгө нь хангалттай байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар битүү мөнгө тараалт явагдсан. Одоо ч мөнгө тараалт явагдах байх. Тойргийг маш том болгосон. Энэ нь МАН-д маш ашигтай. Харин Ардчилсан нам энэ зардлыг даагаад оролцоход тун хэцүү. Гэхдээ л бид бүх хүч чадлаа дайчилж сонгуульд оролцоно.

-Таны хувьд нийслэлийн намын дарга хэрнээ намаа орхиод УИХ-д нэр дэвшсэн ч ялагдсан. Гэтэл дахиад НИТХ-д өрсөлдөх гэж буй нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Баянзүрх дүүрэг бол Улаанбаатар хотын 25 хувь нь. Сонгинохайрхан дүүрэгтэй нийлүүлж үзвэл хотын тал нь гэсэн үг. Тэгэхээр намын хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд намдаа нэг ч гэсэн суудал авчрахын төлөө зүтгэсэн. 45 мянган хүний санал авсан ч ялагдсан. 18 мянган хүний санал аваад ялсан хүн ч бий. Үүнийг бид ялгах л хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

ЗАМ ЗАСВАР: Сансарын тойргоос зүүн тийш ХХЕГ-ын уулзвар хүртэлх замыг баасан гарагийн 23:00 цагаас хааж, засварлана
ЗАМ ЗАСВАР: Сансарын тойргоос зүүн тийш ХХЕГ-ын уулзвар хүртэлх замыг баасан гарагийн 23:00 цагаас хааж, засварлана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.