Өлөн элгэн дээрээ кофе уух нь цусан дахь сахарын түвшнийг алдагдуулдаг болохыг Их Британийн Батын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Тус судалгаа “British Journal of Nutrition” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Судалгаанд оролцогч нэгдүгээр бүлгийн сайн дурынханд өлөн элгэн дээр нь өглөөний цайнд агуулагддагтай ижил хэмжээний илчлэгтэй чихэрлэг уух юм өгчээ. Харин хоёрдугаар бүлгийн хүмүүст хар кофе санал болгож, нэг цаг гучин минутын дараа сахар агуулагддаг шингэн зүйл өгсөн байна.
Судалгаанд оролцогчдоос сахарын түвшнийг нь шалгахаар цусны дээж авахад өглөөний цайны өмнө кофе уух нь цусан дахь сахарын хэмжээг 50 хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгааны дүн харуулжээ. Ийм үзүүлэлт урт хугацаандаа глюкоз дахь бие организмын тэсвэртэй байдлыг алдагдуулж, улмаар хоёрдугаар төрлийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.