“Өглөө гэрээсээ гараад л хичээлдээ явж байтал айлын хашаанаас нэг том нохой гараад ирсэн. Хөөгдөж гүйсээр арайхийн автобусанд амжаад суухад эгч нар бос гээд хөөчихнө” гэж найздаа ховлож буй хүүгийн яриаг тоохгүй өнгөрч чадсангүй. Түүнийг харвал бяцхан биедээ дааж ядсан том цүнхтэй, дөнгөж хоёр юм уу, гуравдугаар ангийнх бололтой. Автобусанд хичээлээ тарах замдаа хоорондоо ярилцах хөвгүүдийн ярианаас та, бидний хүүхдүүд ямар аюултай орчинд өсч торниж байгаа нь тодорхой. Бяцхан хүүгийн ярианаас анзаарахад гэрээсээ автобусны буудал хүртэл хоёр, гурван буудал газар явдаг бололтой. Ялангуяа эрт гэгээ тасардаг өвлийн хахир хүйтэнд бяцхан хүү “Яаж эсэн мэнд гэртээ харьж, бэртэж гэмтэлгүйхэн сургуульдаа очдог юм бол доо” гэх бодол төрсөн юм. Энэ бол өнгөрсөн өвөл автобусанд өрнөсөн яриа. Хүүгийн хувьд нохой үнэхээр том асуудал. Бидний хүүхэд багачууд өнөөдөр ийм л орчинд өсч торниж байна.
Зуны амралт дуусч хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд хариуцах эзэнгүй уяанаасаа алдуурсан хашааны гэх нохой хүүхдүүдэд заналхийлэх боллоо. Хичээлийн шинэ жил эхлэхэд, тэр дундаа есдүгээр сард сард Гэмтэл согог судлалын үндэсний төв нохойд хазуулсан хүүхдүүдээр дүүрч, ачаалал ихэсдэг болохыг тус төвөөс мэдээлсэн юм.
Гэмтлийн эмнэлэгт нохойд хөл, гараа хазуулсан хүүхдүүд ирдэг нь наад захын л асуудал болсон. Цаашлаад ясыг нь хугалсан, зөөлөн эдийг нь урсан зэрэг нүд халтирам дүр зураг ч их.
Зөвхөн 2023 оны эхний 6 сарын байдлаар 2486 хүн нохойд хазуулсны ихэнх нь хүүхэд. Тэдний 19,2 хувь нь 10-19 насныхан бол 0-9 хүртэлх насныхан 26,2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт. Гэмтсэн иргэдийн /насанд хүрсэн болон хүүхэд/ 57,1 хувь нь гудамж, замд явахдаа хазуулсан байдаг аж.
Томчуудын хэнэггүй, хайнга зангийн балгаар өдөр бүр хүүхэд эрүүл мэндээрээ хохирч амь нас нь эрсдэлд орж байгаа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвхөн нохойд хазуулсан тоон баримтаас харахад л ийм байна.
Өнөөдөр хүн амын 50 хувь нь төвлөрсөн нийслэлийн иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдарч байна. Айл бүр хашаандаа нохойтой атал ихэнх нь л “уяж” сураагүй, нохойг тэжээвэр биш араатан болгож “сойдог” нь эргээд та бидний хүүхдэд дайсагнаж байна. Бүгд биш ч ихэнх нь л нохойг хүний найз биш дайсан мэтээр уяанд сойж “араатан” шиг тэжээх болсон нь худлаа биш. Угтаа бол хотод амьдарч байгаа хүн бүр эрх ямба ярьж төр засагт буруугаа чихэхээсээ өмнө өөрсдөө үүрэг хариуцлагаа дор бүрнээ ухамсарлах ёстой. Хуулиндаа ч эрх, үүргийг нь тодорхой заасан. Энэ бол Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль. Тус хуулийн,
- 9.1.7-т гэрийн тэжээвэр амьтныг орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж заажээ.
Бодит байдал дээр хуулийн заалт хэрэгжихгүй бэлгэ тэмдэг төдий байгааг гэр хорооллын гудамжинд айлынх эсвэл тэнэмэл эсэх нь мэдэгдэхгүй сүрэглэж буй нохдоос бяцхан үрс өдөр бүр эрүүл мэндээрээ хохирч, амь насаа эрсдэлд оруулж байна. Даан ч өвчин зовлон өөрт ирэхээс нааш хүнийх л байдаг хойно. Миний л хүүхэд өвдөж гэмтээгүй бол бусдын хүүхэд эндэж, зовж, амиа алдах нь дүүрсэн хэрэг гэсэн хувиа хичээсэн үзэл нийгэмд “бугласныг” бяцхан үрс маань хэдий болтол биеэрээ нотлох вэ. Уг нь,
- Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд "1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан.
- Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл айлын нохой хүн бэртээсэн тохиолдолд эм тарианы мөнгөөр хоорондоо тохирдог, эсвэл зарим нь "нэг их сүртэй хазаагүй байна" гэх байдлаар тоомжиргүй ханддаг хэвээрээ. Иймээс хашааны нохойгоо уяаагүйн улмаас хүүхэд бэртэж гэмтсэн бол бүгд халаглаад өнгөрөх биш эзэнд нь тооцох хуулийн хариуцлагыг ч чангаруулъя.