Саяхан /2024.08.16/ Дорнод аймагт Г.Жуковын хөшөөг хэсэг иргэд эсэргүүцэж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь олны анхаарлыг татсан. Ийнхүү маргаан дагуулсан хөшөөний нээлт өнөөдөр Чойбалсан хотод боллоо.
Хөшөөнд Монгол, Оросын төлөөлөл хүндэтгэл үзүүлжээ. Монголын баатар гэгдэх болсон түүний хөшөөг ийнхүү сүндэрлэж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай ч холбож буй. Одоогоор тус улсын Ерөнхийлөгч Монголд айлчлах эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Эргэн сануулахад, Г.Жуковын хөшөөг Дорнод аймагт босгох шийдвэрийг Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байжээ. Тус яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Т.М.Сятчихина хэлсэн үгэндээ “ Халх голын түүхт 85 жилийн ойг угтаж, Улаанбаатар хот дахь маршал Г.К.Жуковын нэрэмжит талбайг сэргээн засаж дуусаад байна. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг босгох талаар шийдвэрлээд байна” гэж байв.
Дашрамд дурдахад, бидний мэдэж буйгаар Г.Жуковын хөшөөний цээж баримал Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрладаг. Мөн таван жилийн өмнө буюу 2019 онд Халх голын түүхт 80 жилийн ойг угтан Г.Жуковын хүрэл хөшөөг Халхголд барьж нээлтээ хийж байсан удаатай.