Улсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.
УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс хэлэхдээ “Ахмадууд маань жил бүр "Учиртай гурван толгой" дууриар улирлаа нээж, хаадаг байсан уламжлалтай. Энэхүү уламжлалыг эвдэхгүй. Эдгээр бүтээл нь Монголын өв уламжлал, ёс заншлыг өгүүлсэн шилдэг уран бүтээл юм. Манай урын санд дуурь, балет нийлсэн 150 гаруй бүтээл бий. Мөн бид судалгаанд суурилан уран бүтээлүүдээ тайзнаа тавина. Манай театрын маркетинг судалгааны алба сүүлийн 20 жилд эх орондоо болон олон улсад тоглогдсон сонгодог бүтээлүүд, үзэгчдийн судалгааг хийсэн. Үүнд түшиглэн уран бүтээлийн хуваарийг гаргаж байх болно. Өмнө нь бүтэн жилээр нь хуваариа төлөвлөдөг байсан бол энэ жилээс эхлэн гурван сараар гаргадаг болсон. Үзэгчдийн сэтгэл ханамжийг судалгааг ч хийсэн. Сонгодог урлагийг зөвхөн Улаанбаатар хотын үзэгчдээр хязгаарлахгүй орон нутгийн үзэгчдэд таниулахад анхаарна. Залуучуудад Монголын уламжлалт өв соёлоо сонгодог бүтээлүүдээрээ дамжуулан таниулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Мөн театрынхаа орчин нөхцөлийг засч янзлах, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай талаар дээд албан тушаалтнуудад хүсэл тавьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгааг театрын захирал онцоллоо.
Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц. Мөнхболд туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагч Соёлын тэргүүний ажилтан Б.Туул нар ажиллана.