Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмед аль-Сабах 91 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Кувейтийг 2006 оноос хойш удирдсан байна.
Эмир Сабах энэ оны долоодугаар сард Кувейтэд мэс засал хийлгэсний дараа эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зориод байжээ. Кувейтийн Засгийн газар эмирийг таалал төгссөнтэй холбогдуулан 40 өдрийн гашуудал зарласан бөгөөд Засгийн газар, институциудыг гурван өдөр хаах болжээ.
НҮБ 2014 оны есдүгээр сард түүний хүмүүнлэгийн чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хүмүүнлэгийн удирдагч цолоор шагнасан байна. Түүний халааг эцэг нэгт дүү, угсаа залгамжлах хунтайж, 83 настай шейх Наваф аль-Ахмед авах төлөвтэй байгаа юм.
Шейх Навафын хувьд 1937 онд төрсөн бөгөөд 1978-1988 онд Дотоод хэргийн сайдаар ажиллаж, 1988 онд Батлан хамгаалахын сайдаар томилогджээ. 2003 онд түүнийг Шатар сайд, Дотоод хэргийн сайдаар томилох зарлиг гарсан ба 2006 онд угсаа залгамжлах хунтайжаар тунхаглажээ.