Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяраас бид нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой өрнөж буй маргааны талаар тодрууллаа.
Зургийн тайлбар: П.Наранбаяр парламентын сонгуулийн өмнөхөн боловсролын шинэчлэлийн талаар хэвлэлд ярилцлага өгч байна. 2020.06.18. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: н.Ганзориг.
- Үнэн. Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолын биелэлтийг шүүхээс түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ХҮН-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд орохыг баталсан актыг хүчин төгөлдөр үйлчлэлгүй болгосон захиргааны акт гарчихлаа гэсэн үг.
-Сонгуульд оролцох тогтоолын биелэлтийг хүчингүй болгосон шалтгаан нь яг юу юм бэ? Намын нэртэй холбоотой гэх мэдээлэл байна. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх мэдээлэл ч явж байна.
- Нэртэй холбоогүй л дээ. Орон нутгийн иргэдийн төлөөлөлгчдийн хурлын сонгуульд 6 сараас багагүй хугацааны өмнө бүртгүүлсэн байхтай холбоотой гэсэн сураг л сонслоо. Гэхдээ бидэнд албан ёсоор тэр захирамж нь ирээгүй байгаа шүү.
-Та бүхэн анх энэ тухай яаж мэдсэн бэ?
-Бид албан бус шугамаар л мэдэцгээлээ. Түүнээс биш шүүхийн хэлэлцүүлэгт нь манай намаас хүн оролцуулаагүй шүү дээ. Шууд л цаагуураа явагдаад л, тас хийтэл шийд гарчихлаа.
-Шүүхийн хэлэлцүүлэг гэхээр хэн нэгэн хүн гомдол гаргасан байж таарах нь ээ?
-Тийм ээ. Гомдол гаргасан хүн нь өөрийгөө Хөдөлмөрийн үндэсний намын гэж нэрлээд байгаа шүү дээ.
-О.Бямбадэлгэр нарын хүмүүс үү?
-Тийм ээ. Гэхдээ энгийнээр бодохоор үнэхээр логикгүй байгаа юм. Өөрийгөө Хөдөлмөрийн үндэсний нам гэж нэрлэсэн тэр хүмүүс нийслэлийн сонгуульд орох гэж, өөрсдийнхөө нэр дэвшигчдийг бүртгүүлэх гэж оролдсон шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо ХҮН-ыг орон нутагт салбараа байгуулаагүй гэдэг үндэслэлээр эсэргүүцүүлж байгаа юм.
-Хуулийн тэр заалтыг та бүхэн юу гэж үзэж байна?
-Тэр хуулийн 6.1 дээр зөвхөн Дээд шүүхэд бүртгүүлсэн байх гэж заасан байдаг. Үүнийг нь мушгин тайлбарлаж, хууль бус шийдвэр гаргаж байна гэсэн үг.
-Одоо та бүхний авах арга хэмжээ юу байх вэ?
-Бид өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 11:15 цагт хэвлэлийн бага хурал зарласан. Сэтгүүлчид та бүхэн өргөнөөр оролцоорой.
Г.Мандахбилэгт
www.ubn.mn