"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам өнөөдөр хаалтаа хийнэ. Энэ удаагийн олимпод Монгол Улсыг төлөөлж, спортын төрлүүдэд нийт 16 тамирчин оролцов. Харин олимпын үеэр олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа асуудал нь тамирчид сэтгэл зүйч, хоол зүйчгүй явсан бөгөөд оронд нь улстөрчид, спорт холбоодын удирдлагууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд тусгай эрх бүхий "мандат" зүүж явсан гэх асуудал юм.
Тэгвэл Монголын Үндэсний олимпын хорооноос энэ удаагийн олимпын наадамд оролцохоор явсан тамирчид, арын албаны хүмүүсийн нэрсийг танилцууллаа.
Нийт эрх авсан тамирчдын 50 хувьтай тэнцэх квотын дагуу албаны хүмүүст мандат олгодог. Дасгалжуулагч нар болон бусад албаны хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ОУОХ-ны журамд зөвшөөрөгдсөн хэмжээнд мандатыг сэлгэх байдлаар зохицуулалт хийжээ. Түүнчлэн МҮОХ-ноос дараах тайлбарыг хийв. Тодруулбал,
1. Үндэсний шигшээ багийн тамирчид болон квотод багтсан үндсэн багийн албаны хүмүүс, дасгалжуулагчдын зардлыг БТСУХ-ноос гаргасан.
2. “Р” буюу “Personal Trainer” ангиллын мандатыг зарим спортын төрөлд хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч болон бусад дэмжих албан тушаалтнуудад олгодог. Энэ ангилал нь ОУОХ-ны журмын дагуу албан ёсны багийн бүрэлдэхүүний тоонд багтдаггүй. Мөн зөвхөн бэлтгэлийн заал танхимд нэвтрэх боломжтой бөгөөд тамирчдын тосгон, уралдаан тэмцээний цэнгэлдэхэд нэвтрэх эрхгүй байдаг онцлогтой. “Р” мандатыг эзэмшигчдийн зардлыг спорт холбоод өөрсдөө бүрэн хариуцсан.
3. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь “NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэх байдлаар ажилласан бөгөөд бүх зардлаа хувиасаа гаргасан.
4. Олимпын наадмын үеэр байгуулагдсан МҮОХ-ны төв штабын ажилтнуудын зардал нь МҮОХ-оос гарсан бөгөөд улсын төсвөөс хамааралгүй.
5. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувьд “IOC” ангиллын мандат олгогдсон бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүд, дагалдах зочны мандатыг сэлгэн ашигласан болно. Үүнтэй холбоотой зардал ОУОХ болон хувиасаа гаргасан.
6. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын зардлыг Олимпын эв нэгдлийн сангаас гаргадаг бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүнийг урьдаг. Гэр бүлийн гишүүний зардлыг хувиасаа гаргадаг" гэлээ.