Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан билээ. Харин уг хууль ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх гэж байна. Тэгвэл шинэчилсэн найруулгын хүрээнд ямар онцлог заалтууд хэрэгжиж эхлэх талаар мэдээллийг хүргэе.
-Хүүхдийнхээ нэр төрд халдсан бичлэг, зургийг цахим орчинд байршуулахыг ХОРИГЛОНО-
Гэр бүл, нийгмийн орчин дэх хүүхэд хамгааллын асуудлыг тусгахдаа дараах онцлог заалтуудыг тусгасан байдаг. Тухайлбал,
-Эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэж, хүүхдэд зөвлөн тусална
-Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, доромжлон гутаахыг хориглоно
-Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно
-Хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн хувийн болон эмзэг мэдээллийг задруулах ёсгүй-
Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг асуудлыг тусгахдаа дараах заалтуудыг багтаасан байна. Түүнд:
Боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгж нь хүүхэд сургалтын орчин, дотуур байранд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
-Сургалтын байгууллагын барилга байгууламжид зөвшөөрөгдсөн байршилд хуульд заасны дагуу хяналтын камер байршуулах, сургуулийн орчны замын хөдөлгөөнд хурд сааруулагч, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ хийлгүүлэх;
-Хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн хүний хувийн болон эмзэг мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа этгээдэд мэдээлэх, задруулахгүй байна
-Удаа дараа үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчийг өөр бүлэг, сургууль руу шилжүүлэх арга хэмжээг авч болно-
Мөн түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүдийн санааг зовоох болсон. Үүнтэй холбоотойгоор үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд олон хохирогч хүүхэдтэй холбоотой дараах заалтыг тусгажээ. Үүнд:
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш, ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан нь хүүхэд сургалтын орчин, дотуур байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаар мэдсэн, таамагласан бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Ингэхдээ боловсролын сургалтын байгууллагын удирдлага, хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгж нь эл асуудлын мөрөөр нэн даруй хяналт шалгалт явуулж дараах арга хэмжээг авна:
-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад мэдэгдэх, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
-Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээлсэн суралцагчийн мэдээллийн нууцыг хадгалах, цаашид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
-Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх;
-Хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд нэн даруй хамруулах, удаа дараа хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрснөөр өөр бүлэг, сургууль руу шилжүүлэх;
-Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн сурагчид сануулах эсхүл нийтэд тустай ажил хийлгэж, өөр сургууль руу шилжүүлэх хүртэл арга хэмжээ авна-
Мөн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн суралцагчийг сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамруулах, дараах арга хэмжээг шат дараалан хэрэглэх аж.
-Суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
-Суралцагчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөр, сургалтад хамруулах;
-Суралцагчийг байгууллагаас зохион байгуулж байгаа сайн үйл, нийтэд тустай ажил, арга хэмжээнд оролцуулах;
-Суралцагчийг өөр бүлэг рүү шилжүүлэх эсхүл харьяа дүүргийн боловсролын хэлтэс болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагатай хамтран өөр сургууль руу шилжүүлэх.
-Хяналт шалгалтын тайлан, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангаа харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тухай бүр хүргүүлэх;
-Хуульд заасан бусад арга хэмжээ авах юм.
-Уралдаанч хүүхдийг нэг өдөрт хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй-
Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхтэй холбоотой асуудал олон нийтийн дунд ихээр яригддаг билээ. Үүнтэй холбоотойгоор тус хуульд ямар заалт тусав гэдгийг авч үзье. Үүнд:
Хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач нь уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах үүргийг хүлээнэ.
-уралдаанч хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх;
-уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах;
-уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу батлагдсан стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах;
-уралдаанч хүүхдийг хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулах;
-уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах;
-уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх. Энэ заалт нь уралдааны бэлтгэл үе шатанд хамаарахгүй;
-уралдаанч хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах үүрэг хүлээнэ.
-"Эрсдэлт нөхцөлд байгаа" хүүхдийн талаар мэдээлсэн иргэний хувийн мэдээллийг нууцална-
Энэ хуулиар: "Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж дараах хүүхдийг ойлгоно. Үүнд:
-амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин алдагдсан хүүхэд;
-хүчирхийлэлд өртсөн эсхүл өртөх нөхцөлд байгаа хүүхэд;
-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхэд;
-гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг багтаан ойлгох юм. Харин хүүхдийг энэ төрлийн эрсдэлт байдалд орж байгааг хуулийн болон бусад холбогдох байгууллагад мэдээлсэн мэдээлэл өгөгчийг нууцлах талаар ч эл хуульд тусгаж өгчээ. Тодруулбал,
-Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар мэдээлэл өгсөн этгээд нь өөрийнхөө тухай мэдээллийг бусад этгээдэд задруулах зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд уг этгээдийн хувийн мэдээллийг нууцална.
-Хүүхэд өөрөө тусламж авахаар хандсан тухай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдэгдэх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй тохиолдолд мэдээллийг нууцална.