“Улаанбурхан өвчин хүндэрвэл сохрох эрсдэлтэй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 19 секунд

Өнгөрөгч долоодугаар сарын 31-нд лабораторийн шинжилгээгээр манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдсан байдаг. Тодруулбал, халдвар авсан хүн болох 47 настай эрэгтэй өнгөрсөн долоодугаар сарын 20-ны өдөр Казакстан улсын Алмата хотоос Улаанбаатар хот руу шууд нислэгээр ирсэн бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсний улмаас ХӨСҮТ-д хүргэгдэж, улмаар хариу нь баталгаажсан нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн яамд, байгууллагууд нь олон нийтийн дунд тандан судалгаа, урьдчилан сэргийлэх алхмуудыг авч ажиллаж буй. Тэгвэл улаанбурхан өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд ямар мэдээлэл өгч буй талаар нэг дороос хүргэе.

-НӨХЦӨЛ БАЙДАЛ: Хоёр тохиолдол батлагдаж, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна-

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хоёр тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд 2024 оны эхний 7 сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.

-ЭРСДЭЛ: Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй-

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг аж.

Түүнчлэн халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.

-О.Пагма: Улаанбурхан өвчин хүндэрвэл сохрох эрсдэлтэй-

Тэгвэл улаанбурхан өвчний үед хийгддэг эмчилгээ, гарах сөрөг үр дагаврынх нь талаар "Энэр-Ази" ӨЭМТ-ийн их эмч О.Пагма дараах мэдээллийг өглөө.

-Улаанбурхан өвчний эрсдэл манай улсад бий гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Улаанбурхан өвчний нууц үе гэж бий юу. Ямар, ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай мөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм. Ерөнхийдөө агаар дуслын замаар халдварладаг. Улаанбурхан өвчний нууц үе 9-11 хоног байдаг гэж үздэг.

Энэ өвчний үед Стимсоны гурвалын хам шинж гэж илэрдэг. Үүнд,

  • Ларенгит
  • Коньюктивит
  • Ринит гэсэн шинж тэмдэг илэрдэг.

Тухайлбал, Хамраас нус гарах, найтаах шинж тэмдэг байдаг. Гэхдээ аажимдаа нус ногоорч, идээтэй болдог. Мөн нүдний салстын үрэвсэл буюу нүд улайж, ногоон нус гарах түүнээс гадна төвөнх үрэвсэх тохиолдол гардаг. Түүнээс гадна улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхэд сульдах, ядрах, ууртай болох, хурц гэрэлд мэдрэг болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

-Тэгвэл эмчилгээний талаар мэдээлэл өгөөч?

-Нэгдүгээрт, Хөнгөн зэрэг байвал гэрээр тусгаарлаж эмчилгээ хийнэ.

-Хоёрдугаарт, Хүнд, хүндэвтэр байвал эмнэлгийн орчинд тусгаарлаж эмчилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, илэрч байгаа шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээний хувьд өөр, өөр байдаг гэсэн үг юм.

Улаанбурхан өвчний үед амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, тэр дундаа хуурсан, хайрсан хоолыг хэрэглэхгүй, шөлтэй хоол идэх хэрэгтэй. Мөн сайн амраах нь чухал.

-Улаанбурхан өвчний хүндрэлийн үед ямар сөрөг үр дагавар гардаг юм бол?

-Улаанбурхан өвчин хүндэрсэн тохиолдолд сохрол буюу хараагүй болгох эрсдэлтэй. Тиймээс энэ өвчний үед А витаминыг хэрэглэдэг. Мөн уушгины хатгалгаа үүсгэх эрсдэлтэй.

-Салхинцэцэг өвчнөөр хүн нэг удаа өвчилдөг гэдэг шүү дээ. Тэгвэл улаанбурхан өвчний хувьд ч ижил үү?

-Тийм. Улаанбурхан, салхинцэцэг өвчин нэг удаа туссан бол насан туршийн дархлаа тогтоно.

-Вакцинжуулалтын талаар мэдээлэл өгөөч?

-2015-2016 оны үед улаанбурхан дэгдсэн. Энэ үед Монголд вакцинжуулалт хийгдэж байсан юм. Түүнээс гадна одоо бусад улс оронд эрчимтэй тархаж байгаа бол манай улсын хувьд ч эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэсэн үг шүү дээ. Тиймээс сэрэмжлэх нь зүйтэй. Хэрэв улаанбурхан өвчин дэгдвэл дархлаажуулалт хийгдэнэ.

Одоо бол хүүхдүүдэд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцин гэж 9 сартайд болон 2 настайд нь хийж байгаа.

Вакцины хувьд 15 жилийн дархлаа тогтоодог. Тиймээс 9 сартайд нь дархлаажуулбал 15 нас хүртлээ дархлаажна гэсэн үг. Тэгэхээр вакцинд хамрагдсан бол улаанбурхан өвчнөөр өвчлөх эрсдэл буурна, туссан ч хөнгөн тусна. Тиймээс улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд маскаа зүүж, гарын ариун цэврээ чанд сахих хэрэгтэй.

-Тархи эргэн сэргэхгүй гэмтэх хүндрэлийг үүсгэдэг-

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус өвчнөөс шалтгаалж үүсэх хүндрэл:

-Уушгины хатгаа

-Тархи эргэн сэргэхгүй гэмтэх

-Дүлийрэх

-Дутуу төрөх

-Хүүхэд бага жинтэй төрөх

-Эндэх гэв.

-ШИНЖ ТЭМДЭГ: Халуурах, нүдний салст үрэвсэх, тууралт үүсэх шинж тэмдэг илэрнэ-

Тухайн өвчний үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь:

-Халуурах

-Нүдний салст үрэвсэх

-Хамраас нус гоожих

-Ханиалгах

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх.

-Толбот гүвдрүүт тууралт нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна

Эдгээр шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг албаныхан зөвлөлөө.

-СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ: Гараа угааж, амны хаалт зүүж хэвших-

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярихдаа "9 сартай болон хоёр настай хүүхдэдээ Улаанбурхан өвчний эсрэг товлолын вакциныг нь хийлгээрэй. Улаанбурхан нь амьсгалын замаар халддаг, туйлын халдвартай өвчин учраас гараа угааж, амны хаалт зүүгээрэй" гэсэн юм

Мөн түүнчлэн:

-Олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх

-Гараа тогтмол угааж байх

-Гэртэй чийгтэй цэвэрлэгээ хийх 2 цаг тутам агааржуулалт хийх

-Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх

-Хүүхдийг хөхөөр хооллох

-Дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг зөвлөв.

-СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ: Вакцин-

Манай улс улаанбурхан өвчний эсрэг нэг цэн вакциныг 1973 онд, улаанбурхан, улаануудын эсрэг буюу хоёр халдварт өвчний эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон. Ингэхдээ хүүхдийг бага байхад буюу есөн сартайд, мөн хоёр настайд нь улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулан дархлаажуулдаг.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг. Иймд бага насны хүүхдүүдийг товлолт вакцинд нь хамруулах, хоёрдугаар тунгаа хийлгээгүй бол гүйцээж хийлгэх, нэгэнт халдвар авсан тохиолдолд мөн дархлаажуулалтад яаралтай хамрагдахыг анхааруулж байна. Түүнчлэн гадаад улсыг зорих гэж байгаа тохиолдолд 14 хоногийн өмнө заавал вакцин хийлгэх шаардлагатайг ЭМЯ-наас зөвлөлөө.

Вакциныг өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж хийлгэх боломжтой.

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд өвс, тэжээл, шатахууны нөөцөө тасалдуулахгүй байхыг онцгойлон анхааруулав
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд өвс, тэжээл, шатахууны нөөцөө тасалдуулахгүй байхыг онцгойлон анхааруулав
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!