Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Улаанбурхан өвчний халдвар нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин.
Халдвар агаар дуслын замаар дамжина. Уг вирусын анхны байрших дуртай газар нь хамар залгиурын салст байдаг байна. Вирусын халдвар авсан хүн бүр улаанбурханаар өвчлөх магадлалтай. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг.
Иймд бага насны хүүхдүүдийг товлолт вакцинд нь хамруулах, хоёрдугаар тунгаа хийлгээгүй бол гүйцээж хийлгэх, нэгэнт халдвар авсан тохиолдолд мөн дархлаажуулалтад яаралтай хамрагдахыг анхааруулж байна. Түүнчлэн гадаад улсыг зорих гэж байгаа тохиолдолд 14 хоногийн өмнө заавал вакцин хийлгэх шаардлагатайг зөвлөлөө.
Сануулахад, Улаанбурхан өвчний үүсгэгч вирус нь тунгалагын булчирхайд зөөгдөн очиж, тэндээ үржинэ. Нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамждаг аж. Эдгээр хоногуудад өвчтөний биеийн байдал сайжрах шиг болдог ч дахин өвчний шинж тэмдэгүүд тодорч өвчин хүндрэх нь элбэг байдаг байна.