Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан /2024.07.30/ 10 цаг 30 минутад эхэлж, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан иргэн Авлигатай тэмцэх газарт эрүү шүүлтэд өртсөн гэх талаарх гомдлыг хэзээ гаргасан, энэ дагуу арга хэмжээ авсан эсэх, цагдаагийн байгууллагад хэрэгт шалгагдаж байгаа болон тус байгууллагын чиг үүрэгтэй нь холбоотой үйл ажиллагаанд өртөж байгаа иргэд хохирч байгаа талаар, гэрч, хохирогч хамгаалах үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй болон эрүү шүүлтийг зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн зэрэг 11 асуудлын хүрээнд мэдээлэл авахаар болсныг мэдэгдсэн.
Дэд хорооны хуралдааныг гишүүд нээлттэй явуулах шаардлагатай гэж үзсэн тул хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Хүний хувийн эмзэг мэдээлэл болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хуулийн дагуу хаалттай хэлэлцэх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдааны эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 461 дүгээр хаалттай ангид 21 настай иргэн цагдан хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж шаардлагатай болоод амь хохирсонтой холбогдуулан ХЭҮК ажилласан. Тус комисс чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. Цагдаагийн байгууллагын дэд дарга, III эмнэлгийн эмч нартай очиж уулзахын зэрэгцээ 461 дүгээр хаалттай ангид очиж ажилласан. Мөн тухайн үйл явдлын хүрээнд төрийн байгууллагуудын ажил хариуцаж байгаа хүмүүстэй уулзаж, тайлбарыг нь авахын зэрэгцээ холбогдох бичиг баримт, хувийн хэрэг, бусад баримтуудыг нь бид татан авч дүн шинжилгээ хийсэн” гэв.
“Өнгөрсөн нэгдүгээр сард хохирогч цагдаагийн албан хаагчдад холбогдуулан эрүү шүүлт хийсэн талаар гомдол гаргасан байна. АТГ-аас чиг үүргийнхээ дагуу энэ хэрэг ажиллагаанд байна гэсэн мэдээлэл өгсөн бол Баянгол дүүргийн прокуророос энэ асуудал дуусаагүй бөгөөд асуудлыг тал бүрээс нь шалгана гэдэг мэдээллийг бидэнд ирүүлсэн. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэсэн мэдээллийг тус байгууллагаас нь ирүүлээд байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны байгууллагын өөрийнх нь харьяалдаг хуулийн чиг үүргийн асуудал” гэдгийг онцлон тэмдэглэв.
“Мөн цагдан хорих 461 дүгээр анги болон бусад шатлалын эмнэлэг нь тухайн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлсэн асуудалд эмнэлгийн байгууллага зохих ёсны хариугаа өгөх ёстой. Үүнийг Шүүх шинжилгээний ерөнхий газар тогтооно. Хариуг нь үндэслэж бид дараагийн дүгнэлтээ гаргах боломжтой” гэдгийг Д.Сүнжид дарга онцлоод “Хохирогчийг ухаангүй байх үед гав хэрэглэсэн асуудлыг эмчилгээ, үйлчилгээний журам гэж тайлбарласан. Энэ асуудлыг шалгаж, хэрэв ийм өвчтөн ирвэл ямар арга хэрэгсэл ашиглаж, үйлчилгээ үзүүлэх ёстойг цаашид тодруулах шаардлагатай" гэсэн юм.
Мөн тэрбээр ХЭҮК байгуулагдаад 23 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд нийт 15 удаагийн илтгэлтэй, тус бүрд нь сэдэв болгож хөндсөн. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа. Хууль тогтоомж, албан хаагчдын хандлага, тогтолцоо, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл дээр “Халдашгүй байх эрх” гэж нэг бүлэгт шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж буй асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаар УИХ-ын тогтоолд тусгасан. Засгийн газар ахлаад, Хууль зүй, дотоод хэргийн яам ажилласнаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар 2024 оны наймдугаар сарын 1-нээс шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон. ХЭҮК өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд зохион байгуулалтаа хийсэн үү, бэлэн байгаа юу, хуулиа таньж мэдсэн үү гэдгээр уулзалт зохион байгуулсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн хүрээнд нэг асуудал шийдэгдээгүй. НҮБ-ын гишүүн байгууллагуудаас эрүү шүүлт тулгасан хэргийн талаар тусдаа мөрдөн байцаах байгууллага байгуулаач гэсэн зөвлөмж өгсөн юм. Хууль тогтоомжоор одоогоор Авлигатай тэмцэх газар энэ үүргийг хэрэгжүүлж байна” гэж байлаа.