461 дүгээр хорих ангид хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан иргэн энэ сарын 22-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэрэг гарсан. Эл хэрэг гарсны дараахан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн байгууллагын даргаар ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байв. Тэрбээр "27 жил хуулийн салбарт байж өмгөөлөл хийлээ. 8 жил хууль тогтоогч байлаа. Цагдаагийн тухай хуулиа өөрчлөөд хуульч хүн ЦЕГ ийг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна. Цагдааг иргэншүүлэх хэрэгтэй" гэсэн байдаг.
Тэгвэл энэ талаарх хүсэлтээ намын даргадаа илэрхийлжээ. Энэ талаараа "ЦЕГ-ын дарга болох саналаа намын дарга Л.Гантөмөрт хэлэв. Цагдаа иргэншиж, хохирсон иргэдээ хамгаалдаг байгууллага болох ёстой гэсэн бодол маань улам баталгаажив. Дабль стандартыг халж, хүн бүрд хууль тэгш үйлчилдэг болгох тогтоолцоог гаргах ёстой шүү гэж Л.Гантөмөр даргад хэлэв" гэв.