Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАЖХ: Бидэнд төрөөс тодорхой хэмжээний “дэмжлэг” хэрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

Өнөөдөр /2020.09.25/ “Үндэсний мэдээллийн төв”-д Аялал жуулчлалын холбооноос COVID 19 халдварын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, ажлын байраа хадгалж үлдэхэд бэрхшээл тулгарсан тухай мэдээлэл хийлээ.

- ӨНГӨРСӨН АРВАН САРЫН ХУГАЦААНД ТЭСЧ ИРСЭН, ЦААШДАА ТЭСЭХ БОЛОМЖГҮЙ -

МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр:

“Улсын онцгой комиссын шийдвэрээр долоон сарын турш хэрэгжсэн хорио цээрийн дэглэм есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжиж байна. Энэ бүх хугацаанд аялал жуулчлал болон түүнийг дагалдах салбаруудаас өөр яг тэг зогсчихоод байгаа салбар тийм ч олон байхгүй. Өнөөдрийг хүртэл манай салбарынхан эрсдлээ үүрээд, ажлын байраа хадгалж, ажилчдаа цалинжуулаад явж байна. Хэрэв ирэх жилийн долдугаар сард Токиогийн олимп хил нээх маш том шалтаг гэж үзвэл аялал жуулчлалын салбар 7-9 сар тэсэх шаарлага гарч ирнэ.

Өнгөрсөн арван сарын хугацаанд тэсч ирсэн, цаашдаа тэсэх боломжгүй. Энэ байдлаараа цаашид явах хэцүү, үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдалд орлоо. Учир нь бид цалингаа тавьж чадахгүй хүний нөөцөө алдахад хүрээд байна. Бид хүний нөөцөө хадгалж авч үлдэхгүй бол аялал жуулчлалын салбар устахад хүрнэ. Цар тахлын хүнд энэ цаг үед засаг төр нь амандаа ус балгасан мэт чимээгүй байж болохгүй. Тиймээс бидэнд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй байна. Тэр нь мэдээж хөнгөлөлттэй зээл тусламж.

Тэрхүү зээлийг бүх компанид хавтгайруулахгүй, тодорхой нөхцөл шаардлагаар олгох нь чухал. Хувийн хэвшлийн компаниуд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа гомдоллож, жагсаал тэмцэл хийж явсангүй. Харин ч нийгмийн хариуцлагаа хүлээж, тэвчээртэй хандаж ирсэн. Дээрх хүсэлтээ бид Ерөнхий сайд руу хүргүүлсэн.

Энэ жил хил хаасан учраас дотоодын аялал жуулчлал өндөр байна гэж албаныхан ярих боллоо. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. Монголын аялал жуулчлал 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл  гурав дахь үетэйгээ золгож байна. Гадаадаас Монголд ирж байгаа ихэнх жуулчид адал явдлыг эрэн хайдаг, нүүдлийн соёлыг илэрхийлдэг хүмүүс байдаг учраас үүнийгээ дагасан үйлчилгээ явуулж эхэлсэн. Гадаадын аялал зогсохоор дотоодын аялал нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна. Гадны жуулчдыг авдаг жуулчны баазуудад дотоодын амрагчид үнэ өндөр гэх шалтгаанаар очдоггүй. Хүмүүс хамгийн түрүүнд гэр бүлээрээ аялахдаа хэрхэн хэмнэлттэй зардлаар явах вэ гэж боддог. Аялал жуулчлалын компаниудаас үйлчилгээ авахаар өндөр өртгөөр аялна гэж боддог. Үүнээс үүдэн аялал жуулчлалын салбар амь тавихад ойрхон байна” гэлээ.

- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХҮНИЙ НӨӨЦ ДЭЭР ТУЛГУУРЛАДАГ -

МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Алтантуяа:

“Монголын аялал жуулчлалын салбарт 574 жуулчны бааз бүртгэлтэй байдгаас 400 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч жуулчин байхгүйгээс жуулчны баазууд хаалгаа бариад эхэлсэн. Жуулчны баазуудад амарч буй дотоодын аялагчдыг харахад аяллын боловсрол дутагдаж байна..

Тухайлбал, жуулчны бааз дээр ирчхээд шөнөжингөө архидан, өглөө дараагийн ээлжийн хүмүүс орж ирэх гэхээр чөлөөлж өгдөггүй. Ажилтнуудыг үг хэлэхээр үл хүндэтгэдэг. Зөвхөн архиддаг газар мэт буруу ойлголттой явдаг. Аялал жуулчлалын бааз нь мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Аялал жуулчлалын салбар нь хэвтээ тэнхлэгээр олон салбартай нягт холбоотой ажилладаг. Нэг жуулчин 10 ажлын байр бий болгодог гэх тоо байдаг. Аялал жуулчлалын салбар хүний нөөц дээр тулгуурладаг. Хүмүүс аялал жуулчлал гэхээр тур опературууд хэдэн гадаадын жуулчнаас мөнгө олоод байдаг юм шиг өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ дашрамд хэлэхэд “Ногоон зээл”-ийг аялал жуулчлалын салбарынхан авч чаддаггүй. Учир нь цаанаа 2-3 зээлтэй, эсвэл барьцаалах хөрөнгөгүй байх жишээний.

Олон улсын туршлагаас харахад олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан аяллын баазуудад улсаас нь барьцаат зээл өгдөг юм байна лээ. Бид үүнийг л хүсч байна.

 

2017 онд алга болсон эрэгтэйн цогцсыг хаягдсан уурхайн гүнээс гаргажээ
2017 онд алга болсон эрэгтэйн цогцсыг хаягдсан уурхайн гүнээс гаргажээ
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.