Энэ бол мотоциклийн түр салааныхан. Төрийн дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад гарахаас эхлээд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих үүрэгтэй эдгээр залуус нийслэл хотод өнгө нэмж, дээд хэмжээний айлчлалын тэргүүн эгнээнд хурдлах болсон. Тиймээс бид төрийн хувцсаараа гангарч, цагдаа мотоцикл хөлөглөн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ Д.ДЭЛГЭРМӨРӨН
-1960 оноос хойш монголын цагдаагийн байгууллага мотоциклийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. 1974 оноос хойш зочид төлөөлөгчдийн хамгаалалтад мотоциклтэй алба хаагчид гардаг байсан. Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаад байсан мотоциклийн түр салааг энэ оны гуравдугаар сард дахин бүрдүүлж, ТЦА-наас 32 алба хаагч сонгон шалгаруулж авч, сургаж, дадлагажуулаад 20 мотоциклтэй үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор хоёр удаагийн өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийг угтаж авч, хамгаалалтад гарсан байна. Мөн бид хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байгаа. Бидний унаж байгаа мотоцикл 260 кг жинтэй, 900 СС хөдөлгүүртэй, 240 км цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Энэ мотоцикл 170 см-ээс дээш өндөртэй хүн унахад зориулагдсан учраас бүх алба хаагчид энэ шаардлагыг хангасан. Миний хувьд мотоцикл сонирхдог ч унаж чаддаггүй байсан. Сонгон шалгаруулалтад орж тэнцээд, уйгагүй сургуулилт хийж, хичээсний үр дүнд унаж сурсан.
ЦАГДААГИЙН АХЛАГЧ А.ДӨЛГӨӨН
-Би 2018 онд Цагдаагийн курс төгсөхдөө мотоцикл унаж сурч, ангилалаа авсан. Үүнээс хойш мотоцикл унаагүй. Түр салаа байгуулагдан гэдгийг сонсоод сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. 2024 оны гуравдугаар сараас эхэлж сургалтад хамрагдаад одоо үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. Мотоциклтэй үүрэг гүйцэтгэхэд бид хоёр төрлийн хувцас өмсдөг. Нэг нь зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй. Цээживч, зориулалтын бээлий, дуулга, өвдөг, тохойны хамгаалалттай. Нөгөөх нь гадаадын хүндэт зочид төлөөлөгчдийг угтаж авахад зориулагдсан цагаан цамц, савхин хүрэм, өмд, гуталтай хувцас байгаа. Эдгээрийг түр салааныханд зориулж, биеийн хэмжээнд тохируулан цагдаагийн байгууллагаас хангаж өгсөн.
ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ Г.ГАН-ЭРДЭНЭ
-Би өмнө нь мотоцикл унадаг байсан. Энгийн мотоциклтэй хөдөлгөөнд оролцох, албаны мотоциклтэй хөдөлгөөнд оролцох маш их ялгаатай байдаг. Алдаа гаргах эрхгүй. Асар өндөр хариуцлагатай байх ёстой. Тэр дундаа өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийг угтаж авч, хамгаалалтад гарахад биеийн хэлэмжээс эхлээд бүх зүйл төгс байх ёстой гэж боддог. Хувь хүнийхээ хувьд ч цагдаа мотоцикл тэр том айлчлалын хамгаалалтад гарах мэдрэмж нь үгээр илэрхийлэхийн аргагүй гоё, бахархалтай мэдрэмж байдаг. Түүгээр ч зогсох хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн энэ цаг үед бид өөрөөрөө үлгэрлэж харуулахыг хүсдэг.
АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.УЯНГА
-Энэ мотоцикл өөрөө 260 кг жинтэй учраас эмэгтэй хүнд хэцүү. Маш их айдастай байсан. Унаж сурахын тулд зориг хэрэгтэй юм байна лээ. Шантралгүй хичээснийхээ хүчинд унаж сурсан. Хамгаалалтад гараад үүрэг гүйцэтгээд явж байна. Одоогоор нийт 5 эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгээд ажиллаж байгаа.