Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Худалдаачдын холбоо: Бид өнөөдрөөс торгуулийн мөнгө төлж чадахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Монголын Худалдаачдын холбооноос өнөөдөр /2020.09.22/ Зөрчлийн тухай хууль бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа тухай мэдээлэл хийлээ.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам

“ТҮЦ эрхлэгчид төрийн мөнгөний машин болоод удаж байна. Худалдаа, наймаа эрхлэн өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгох гэж хичээж байгаа цөөхөн ард түмнээ Зөрчлийн хуулиар хязгаарлаж, өдөр бүр торгуулийн хуудас өгч, эд бараа, бэлэн мөнгө, пос машиныг маань хураан авч дээрэнгүй авирлаж байгаа цагдаагийн байгууллага болон хэрэгждэггүй хууль баталсан төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна. Бид өнөөдрөөс торгуулийн мөнгө төлж чадахгүй. Эрх баригчид та бүхнээс хэн дуртай нь аль нэг ТҮЦ-нд очиж, нэг өдөр ажиллаад үзэх хэрэгтэй. Тэр цагт л бидний зовлонг ойлгох болно” гэлээ.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд ТҮЦ эзэмшигч Д.Отгонбаяр

“Манай гэр бүл 0-9 насны таван хүүхэдтэй, залуу гэр бүл. Эхнэр бид хоёр 10 гаруй жил цуглуулсан мөнгөөрөө 3×5 хэмжээтэй ТҮЦ худалдан авч, үйл ажиллагаа явуулж байна. Өглөө 06:00 цагт нээж, орой 22:00 цаг хүртэл ТҮЦ-ээ ажиллуулж байж хоногийн хоолны мөнгөтэй залгадаг. Энэ хугацаанд хамгийн том есөн настай хүүхэд маань дөрвөн сартай дүүгээ кашаар угжиж өдрийг өнгөрүүлдэг.

Бид өдөр бүр амралтгүй тогтмол ажиллаж байж сард гурван сая төгрөгийн орлого олдог. Үүнээс хэрэглээний зардал, өдөрт идэх хоол, ундны мөнгөө хасвал манай гэр бүлд хуримтлалын мөнгө огт үлддэггүй. Гэтэл өдөр бүр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас байцаагч нар орж ирж, хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр торгодог. Бүр өдөр бүр.

Өөрсдөө болохоор гадаа зогсож тамхи татаад иш ээ хээв нэг хаячихаад явчихдаг. Түүнийг нь бид цэвэрлэдэг. Хаана байна, нөгөө олон нийтийн газар тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн Зөрчлийн хуулийн биелэлт. Төрийн алба хаагчдад биш ард иргэд, ТҮЦ эрхлэгчид нарт л хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байна”

Монголын худалдаачдын холбооноос төрөөс санаачилсан ядуурлыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгааг тэд онцоллоо. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан шаардлага хүргүүлнэ гэв.

Б.Индра: Налайхын замыг хэсэгчлэн хаана
Б.Индра: Налайхын замыг хэсэгчлэн хаана
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.