Хойд эцэгтээ зодуулж нас барсан байж болзошгүй 9 настай охины асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна.
Энэ талаар ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал: "Өнгөрсөн амралтын өдөр есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ажлын хэсэг гаран ажиллаж байна. Манай улс хүүхэд хамгааллыг хуулиар хуульчилсан. Хүүхэд эрсдэлд нөхцөлд байгааг мэдсэн таамагласан тохиолдолд заавал мэдээлж байх үүрэгтэй. Талийгаач хүүхэд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан байх магадлалтай тухай мэдээлэл гарсан. Манай байгууллагад энэ талаар мэдээлэл ирж байгаагүй. Хамтарсан багаас ийм мэдээлэл ирж байгаагүй.
Харин 2018 оны арваннэгдүгээр сард тухайн охин алга болсон гэх дуудлага 108 утсанд мэдээлэл ирсэн. Хоёр цагийн дараа эцэг эхээс нь "Хүүхэд маань хөдөө байгаа эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байсан, дэлгүүрт байсан байна" гэх мэдээллийг өгч байсан байна. Мөн өнгөрсөн 6 дугаар сард гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан байна. Тухайн үед ээж нь "Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн" гэх мэдээллийг өгч байсан байна.
Хэрвээ талийгаач охин удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол тухайн нөхцөл байдлыг тодруулаагүй хорооны нийгмийн ажилтан болоод хамтарсан багийнханд хариуцлага тооцох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай. Охины гэр бүлийн тухайд 12 настай хөгжлийн бэрхшээлтэй эгчтэй, 2 настай эрэгтэй дүүтэй. Ээж нь жирэмсэн" гэв.