Сүүлийн жилүүдэд манай улсад косплей хийдэг хүүхэд залуус болон тэдэнд зориулсан үйл ажиллагаа элбэг зохион байгуулагдах болсон билээ. Косплей /cosplay/ гэдэг нь “costume play” буюу хувцас, дагалдах хэрэгслийг нь өмсөж тодорхой дүрд хувиран зан ааш, дүр байдлыг илэрхийлэн үзүүлэх гэсэн утгатай үг юм. Үүнд анимэ, хүүхэлдэйн кино, комик ном, телевизийн цуврал, видео тоглоомын дүрүүд ч багтдаг байна. Тэгвэл бид энэ удаа өөрийн сонирхлоор хувирах гэж буй дүрийнхээ хувцас хэрэгслийг оёж хийдэг бүтээлч косплей Т.Уянгатай уулзаж ярилцлаа.
Зургийн тайлбар: "Фэйри Тэйл" гэх анимэ дээр гардаг Эрзагийн дүрд хувирсан байдал
- НАЙЗУУД МААНЬ НАМАЙГ УРАМШУУЛЖ ДЭМЖСЭН НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛСОН -
-Ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу намайг Т.Уянга гэдэг. Би 18 настай энэ жил ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан болсон. Хичээлээс гадуур цагийн ажил болон сонирхлоороо косплей хийх дуртай.
-Анх ямар учраас косплей хийе гэж шийдсэн бэ? Хэр удаж байгаа вэ?
-Миний анх хийж эхлэх болсон шалтгаан маш энгийн. Би өөрөө анимэ үзэх дуртай болхоороо энэ чиглэлээр зохиогдсон нэг өдөрлөг дээр очиж үзсэн. Тэнд зөндөө хүүхдүүд косплей болсон байхыг хараад үнэхээр гоё санагдсан учраас дараа нь өөрөө зориглоод хийж үзсэн. Тухайн үед найзууд маань намайг урамшуулж дэмжсэн нь үргэлжлүүлэх гол хүчин зүйл болсон. Түүнээс хойш хоёр гаруй жил өнгөрсөн байна.
-Косплей хийхийн хамгийн хэцүү болоод гоё зүйлс нь юу вэ?
-Мэдээж ямар нэг өдөрлөг дээр очоод адилхан сонирхолтой найзуудтай болж, хүмүүстэй зургаа авахуулах гоё байдаг. Танихгүй хүмүүс ирээд “Ямар гоё болоо вэ, хамт зургаа авахуулж болох уу” гэж их асуудаг. Тэр үед л маш гоё мэдрэмж авдаг. Хэцүү зүйл гэвэл заримдаа хувцасны эсгүүрээ буруу гаргах, зөв буруу оёх зэргээс эхлүүлээд засахад хэцүү алдаанууд гаргачихдаг. Ер нь косплей хийхэд тэмцээн уралдаанд байр эзлэхээс бусдаар ашиг олдоггүй. Тэгэхээр цэвэр өөрийн сонирхол дээр тулгуурлан хувирах дүрээ эртнээс төлөвлөж бэлдээд цагийн ажил хийж олсон мөнгөө бага багаар цуглуулдаг. Эргээд бодоход ингэж сэтгэлээ шингээж хийсэн дүрүүд маань сайхан санагддаг.
Зургийн тайлбар:Би дүрд хувирсан үедээ өөртөө илүү итгэлтэй болж байгаагаа мэдэрдэг.
- БИ ДҮРД ХУВИРСАН ҮЕДЭЭ ӨӨРТӨӨ ИЛҮҮ ИТГЭЛТЭЙ БОЛЖ БАЙГААГАА МЭДЭРДЭГ -
-Ямар дүрд хувирах таалагддаг вэ? Эрэгтэй дүрээр косплей хийж байсан уу?
- Би ихэнх тохиолдолд анимэ баатруудаар косплей хийдэг. Энэ нь миний анимэ үзэх хоббиноос болдог байж магадгүй. Гэхдээ ганц хоёр “cartoon character” буюу SpongeBob, Unicorn гэх мэт дүрүүдэд хувирч байсан. Эрэгтэй дүрд хувирах гэхээс илүүтэйгээр “genderbend” буюу эрэгтэй дүрийг эмэгтэй байдлаар зохиомжлон хийж байсан. Ихэвчлэн өөрийн сонирхсон дуртай дүрүүдээрээ хийдэг. Наруто анимэ дээр гардаг Хидан гэх дүрийн “genderbend” хувилбарыг бүтээсэн маань надад болоод үзэгчдэд үнэхээр таалагдсан. Би дүрд хувирсан үедээ өөртөө илүү итгэлтэй болж байгаагаа мэдэрдэг.
-Ямар нэг дүрд хувирахад хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Миний хувьд сар орчмын хугацаа зарцуулдаг бөгөөд өдөрлөг зарлагдсан цагаас хойш бэлдэж эхэлдэг. Мөнгөө хадгалж байгаад хиймэл үс хувцасны материал зэргээ сонгоод цуглуулна. Би хувирах гэж буй дүрийнхээ хувцас хэрэгслийг өөрөө оёж хийдэг. Заримдаа гэртээ байгаа өмсдөггүй хувцасаа хайчлаад, дээр нь зурж чимэглэдэг.
-Чамд үргэлж тусалж дэмждэг найз нөхөд юмуу баг хамт олон байдаг уу?
-Би өөрөө “Inception” гэдэг багт байдаг. Манай багийн бүх хүүхдүүд нэг нэгэндээ туслаад мэдэхгүй зүйлсийг нь зааж өгөөд ярилцдаг болохоор надад таалагддаг. Тэдэндээ зөндөө хайртай /инээв/. Энэхүү баг маань сүүлийн үед олон гоё контент хийж эхэлсэн бөгөөд цаашдаа кино театруудтай хамтран ажиллахаар ярилцаж байна. Түүнчлэн өдөрлөг зохион байгуулдаг. Би энэ багаа байгуулагдаад нэг жилийн ойн үеэр анх удаа косплей болж байсан. Тэгэхэд Блийч анимын дүр Нэлиэл болчихоод энэ багтаа орно гэж шийдсэн. Одоо нэг хэсэг нь болсон.
Зургийн тайлбар: Өөрийн дүрийн нэг хэсэг болсон "Катана"-гаа үзүүлэв.
-ЭХЭНДЭЭ ААВ ЭЭЖ ХОЁР ЗЭМЛЭДЭГ БАЙСАН Ч ЦАГ ХУГАЦААНЫ ЭРХЭЭР ДАСААД НАДАД ЖИЖИГХЭН БУЛАН ГАРГАЖ ӨГСӨН -
-Гэр бүлийнхэн чинь анх яаж хүлээж авсан бэ? Хэр их дэмждэг вэ?
-Эхэндээ аав ээж хоёр “Чи косплей хийгээд юу олж идэх юм” гээд их зэмлэсэн. Цаг хугацааны эрхээр дасаад надад өөрийн косплей хувцас хиймэл үсээ хадгалах жижигхэн булан хүртэл гаргаж өгсөн. Үүнд нь маш их баярлаж байгаа.
-Дүрд хувирсан байх үед чинь хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Косплей хийдэг сонирхдог хүмүүс дундаа нэгнийгээ дэмжиж урамшуулаад явдаг. Харин үүнийг мэдэхгүй анх харж байгаа хүмүүсийн хувьд ‘Хөөрхөн хүүхэлдэйн баатар байна миний охин хамт зургаа авахуулчих” гэх мэтээр нэлээд таатай хүлээж авдаг. Гэхдээ шүүмжлэлтэй хүлээж авах хүмүүс ч бий. “Ийм тийм зүйл нь дутуу байна” эсвэл “Ямар задгай хувцасладаг юм бэ” гэдэг ч юмуу ойлгодоггүй тал ажиглагддаг.
-Монголд косплейн томоохон өдөрлөг тэмцээнүүд их болдог гэж сонссон. Ихэвчлэн ямар хүмүүс зохион байгуулдаг вэ?
-Улиралд 2-3 удаа зохион байгуулагддаг. Зохион байгуулж буй хүмүүс нь ихэвчлэн косплей багууд болон “Kids Toys” тоглоомын дэлгүүрийн хамт олон. Монголд болж буй хамгийн том өдөрлөг тэмцээн гэвэл “Японы поп соёлын өдөр” гэж зохиогддог. Мөн “Кицүнэ” багийн нэрэмжит өдөрлөг томоохон шагналын сан зарладаг бөгөөд оролцож буй косплей нар нь чанартай байдаг. Ихэвчлэн хосын болон ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй төрлөөр оролцогчдоо шалгаруулдаг байгаа. Мөн тухайн тэмцээнээс өгөгдсөн 2-3 минутад дүрийнхээ илэрхийллийг сайн гаргаж үзүүлэх хэрэгтэй.
-Монголоос үлгэр дууриалал авдаг дуртай косплей байгаа юу?
-Байлгүй яахав. Манай багийн Яами гэдэг охин үнэхээр сайн дүрээ хувиргаж, чанартай косплей хийдэг. Сүүлийн үед косплей сонирхдог хүүхдүүд элбэг болохын зэрэгцээ яг л тухайн дүрийг бодит амьдрал дээр босгоод ирсэн мэт адилхан хувирч чаддаг мундаг хүмүүс олон болсон.
-Ярилцлагын төгсгөлд бусаддаа хандаж үг хэлнэ үү?
-Юун түрүүнд ярилцлаганд урьж оролцуулсанд баярлалаа. Мөн дөнгөж косплей хийж эхэлж буй хүмүүст хандаж хэлэхэд битгий шантраарай. Хэн ч юу ч хэлсэн бай чамд энэ зүйл үнэхээр сонирхолтой санагдаж байгаа бол заавал оролдож үзээрэй.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Зургийн тайлбар: Ярилцлагын төгсгөлд энгийн төрхөөрөө зургаа авахуулав.
ТҮҮНИЙ ХУВИРЧ БАЙСАН ДҮРҮҮДИЙН ЗУРАГ
С.Хонгорзул