Хоёр дахь өдрөө тасралтгүй үргэлжилж буй борооны улмаас нийслэлийн гол, нууруудын усны түвшин үерийн эрсдэлтэй хэмжээнд хүрээд буй.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг "Нийслэл хот маань дөрвөн голын ай савд байдаг. Үерийн аюултай бүсүүдтэй. Нэлээд томоохон сургамжууд ч гарсан түүх ч бий. Үүнийг бид зайлшгүй шийдэх ажлуудыг хийгээд явж байна.Цаашдын том зорилт бол голуудын эхэнд тохируулгатай усан сан барих юм.
Жишээ нь Санзайн аманд Сэлбэ голын эхэнд жижигхэн нуур үүсгэсэн нь одоо 6 метрийн гүнтэй байна. Уг нь 2-3 жилийн дотор дүүрнэ гэж тооцоолтол түрүү жилийн хэдхэн борооноор дүүрчихсэн. Хэрвээ өнгөрсөн жил энэ нуурыг бариагүй бол Улаанбаатар руу орж ирэх үерийн ус 1-2 метрээр дээшлэх байв.
Цаашид гадаргын усыг цуглуулж, үер усны аюулаас сэргийлэхээс гадна цаашдаа ундны усандаа цэвэршүүлж хэрэглэх, эргээд ногоон байгууламж бүхий эко орчин бүрдүүлж, аялал жуулчлал хөгжүүлэх гээд маш олон зүйлийг гадаргын усны менежментээр шийдэж болохоор байна. Энэ асуудлуудыг хот орхичихсон байжээ.
Мөн лаг хагшаасыг цэвэрлэж эхэлсэн. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсны улмаас хөрсний усны түвшин нэмэгдсэн. Гэтэл Сэлбэ гол дээр гэхэд цэвэрлэгээ огт хийгдээгүй, лаг хагшаас нь гэхэл 1 метр орчим байна. Энэ дээр үерийн ус ороод ирэхээр усны түвшин шууд дээшилчхэж байгаа юм" гэв.