Алтны үнэ унаж нэг унци нь 2332 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд 6.49 хувиар унасан үзүүлэлт юм.Сүүлийн үед алтны үнэ унаж буй шалтгаан нь Хятадын төв банк алт худалдан авалтаа зогсоосонтой холбоотой болохыг ING-ийн шинжээчид тэмдэглэж буй. Гэсэн ч ирэх жилүүдэд алт улам гялалзах төсөөлөлтэй байна.
Он гарсаар алтны үнэ 24 хувиар өсч энэ оны дөрөвдүгээр сард нэг унци нь түүхэндээ 2315 ам.доллар давж рекорд эвдсэн юм. Цаашид ч бас урт хугацаанд үнэт металлын үнэ өсөх таамаглалыг шинжээчид дэвшүүлж буй. Тухайлбал, 2025 онд алтны үнэ нэг унци нь 7000 ам.долларт хүрэх магадлалтайг “Bloomberg”-ийн түүхий эдийн ахлах стратегич Майк МакГлон таамаглажээ. Тэгвэл 2030-2050 он хүртэлх нэг унци алтны үнэ дунджаар 10 мянган ам.долларт хүрч, ам.долларыг орлох нь. Үүнийг алтны хомсдолтой холбон тайлбарлаж буй. Дэлхий дахинд шаргал металл 2050 он гэхэд ховордохтой зэрэгцээд алтны эрэлт улам өснө гэж шинжээчид зураглаж байгаа юм.
АЛТНЫ ҮНЭ ЯМАР ТОХИОЛДОЛД ӨСЧ БАЙВ
Алт үнэ цэнээ алддаггүй, үнэт металл учраас аливаа улс орны төв банкууд алтны нөөцийг аль болох ахиу бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, үнэ цэнэтэй байдлыг хадгалдаг байна. Үнэт металлын үнэ эдийн засаг тогтворгүй үеэр илүү өсдөг гэдэг. Трейдерүүд алтанд хөрөнгө оруулах нь элдэв үнэт цаас ба валют, хувьцаанд хөрөнгө оруулснаас илүү ашигтай бөгөөд үнээ ямагт барьж чаддаг. Энэ утгаараа дэлхийн зах зээлд хямрал нүүрлэсэн үед алтны үнэ гялалзсаар ирсэн. Жишээ нь,
2008 оны арванхоёрдугаар сард дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэхэд долоо хоногийн дотор 9.1 хувиар өсч дээд амжилт тогтоосон.
2020 оны наймдугаар сард алтны үнэ нэг унци нь 1011 ам.долларт хүрсэн нь түүхэндээ рекорд эвдсэн юм. Есөн сарын дотор алтны үнэ 50 гаруй хувиар өссөн нь үнэт металлын тухайд ханшийн эргэлтийн цэг болжээ. Энэ үед дэлхий дахинд ковид-19 цар тахал дэгдэж, дэлхийн улс орнууд нөөц бүрдүүлж эхэлсэнтэй холбоотой үнэ ийнхүү дээд амжилт тогтоожээ.
2023 оны арванхоёрдугаар сард алтны үнэ /арванхоёрдугаар сард/ дээд амжилт тогтоож 2000 ам.доллараас давж дээд амжилт тогтоосон бол 2024 он гарсаар алтны үнэ чангарсаар дөрөвдүгээр сард рекорд тогтоосон нь Ойрх Дорнод, Украин дахь геополитикийн хурцадмал байдал нь шар металлын ханшийн өсөлтийг дэмжсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, Хятадын төв банк болон Энэтхэгт алтны эрэлт, хэрэгцээ өссөнтэй холбон тайлбарлаж буй.