Хүний эрхийн Үндэсний Комисс үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Иргэний Нийгмийн Зөвлөл ажилладаг.
- Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Энхбадрал өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Иргэний нийгмийн зөвлөлөөс сонгуулийн үеэр ажиглагддаг зөрчил, сонгогчдын эрхэнд халддаг талаар мэдээлэл өглөө. Энэ нь илүүтэй худал мэдээлэлд тулгуурладаг, иргэдийн санал өгөх үйл явцад нөлөөлдөг. Жишээлбэл, таны саналаа хэнд өгснийг мэдэх боломжтой гэх ойлголт нийгэмд түгээмэл байна. Энэ нь хууль болон сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд тухайн хүнийг хэнд санал өгч байгааг мэдэх ямар ч боломжгүй.
Таныг хэнд санал өгснийг мэднэ гэх арга замаар дарамталж, шахах, хэн нэгэнд санал өгөхийг чиглүүлж байгаа бол энэ нь хууль бус бөгөөд таны сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байна гэсэн үг. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллага, Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдэж өөрийн хараат бус, чөлөөт сонголтыг хийх хэрэгтэй.
Мөн нийт нэр дэвшигчид дотроос нэг намын хүмүүсийг бүгдийг нь дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болно гэх худал мэдээлэл их түгсэн байна.
Магадгүй та 10 хүнийг сонгох боломжтой тойрогт байгаа бол аль ч нам эвслийн хүнийг холимог байдлаар сонгох боломжтой. Зөвхөн нэг талыг дэмжих ёстой гэсэн үг биш.
Гуравдугаарт, сонгуулийн үеэр нийгмийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлдөг мэдээллүүдийг зориуд цацдаг. тэр дундаа нийгмийн залуу, хөгшин үе хооронд, нийгмийн бүлэг хооронд хот хөдөө гэх зэргээр нийгмийг задалж болох бүх хэсгүүдээр задалдаг. Сонгуулийн үед улс төрийн намуудын хувьд ялалт чухал байж болно.
Гэхдээ үүний цаана нийгмийн эв нэгдэл хүний эрх зөрчигдөх эрсдэлтэй. Тиймээс нэр дэвшигчид үндэсний эв нэгдлийг хангаж шударгаар өрсөлдөх ёстой.