Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу зүүн бүсэд 7 нэр дэвшигч буй. Дорнод аймгаас хоёр, Хэнтий аймгаас гурав, Сүхбаатар аймгаас 2 мандаттай. Дорнод аймгаас нэр дэвшиж буй хоёр нь Шинэбаярын Бямбасүрэн, Эрхэмбаатарын Төмөрбаатар гэсэн үе тэнгийн хоёр найз байгаа аж.
Тэд АН-д ижил цаг үед элсэн орж, уналттай байсан АН-ын хороогоо идэвхжүүлж, босгож ирсэн гэж яригддаг. Дорнод аймагтаа нар үзэхгүй байгаа АН нь сүүлийн жилүүдэд сөрөг хүчний ажлаа тун давгүй хийж байгаа бөгөөд ээлжит УИХ-ын сонгуулиар болон ирэх намрын орон нутгийн сонгуулиар “алж” өгнө гэсэн том амбицтай байгаа сурагтай. Тэд ийнхүү шинэ залуу үеийн боловсролтой, бизнесийн туршлагатай, “юм үзэж нүд туулсан” хоёр залууг сойж байна.