Дуугуй бай чи, дахиад өчигдрийнх шиг цагдаа ирүүлэх гэж байгаа юм...гэж зандрах ээжийн дуу хадна. Хүү эхэр татсаар дуу нь намслаа. Хүүхдийн баярын өмнөх шөнө дээд айл унтаж амрах цагаар чимээтэй байгаа нь энэ. Уг нь хүүхэд насны хамгийн гоё, дурсамжтай баяр бол яах аргагүй зургаадугаар сарын 1. Зарим хүүхэд энэ өглөөг тэсэн ядан хүлээж догдолж хонодог байхад хаа нэгтэй манай дээд айл шиг нүдэндээ нулимстай бяцхан зүрх баярын өглөөг чихэр, ууттай бэлэгний оронд ганц хором тайван байх тухай л хүсч боддог байхыг үгүйсгэхгүй.
Хүчирхийлэгч зөвхөн аавууд байдаггүй, ээж нар ч бас энхийн цагаан тагтаа биш. Үүний тод жишээ нь манай дээд айл. Үргэлж хүүхдээ харааж зандрах эмэгтэйг хөршүүд нь андахгүй болжээ. Аз жаргалгүй, стресстэй, бухимдсан, амьдралд гомдол дүүрэн эмэгтэй уур бухимдлаа хэдэн бүлтгэр үрсдээ гаргаж хараах нь энүүхэнд. Хүүхдийн уйлах дуу өдөр шөнийн альд ч тасрахгүй. Аргаа барсан нь 108 дуудах ч аргалдаг бололтой, амьдрал үргэжилдгээрээ л үргэлжилж хаалганы цаана хүүхдийн эрх хөсөр хаягдсан хэвээр. Бид “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэдэг атал бодит байдал дээр эсрэгээрээ. Хаана ч эрхийг нь зөрчсөөр. Монголд хүүхдийн эрх ямар байгааг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Монголын хүүхдүүд үл хайхрах байдал, хүчирхийлэлд өртсөөр байгаад НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар гүнээ харамсаж байна. Хүүхэд гэртээ ч, боловсролын байгууллагын болон бусад орчинд ч дарамт, хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болсоор байна. Цахим орчинд ч бэлгийн мөлжлөг, дарамтад өртсөөр байна” гэж тодорхойлсон удаатай.
бяцхан үрс минь битгий уйлаасай
Өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Гэвч бид хүүхдийн баяр хэмээн хэлж заншиж нэгэнт баяр болгон тэмдэглэх болжээ. 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр 2024 оны энэ өдөртэй золгож буй нь энэ...Гагцхүү зөвхөн ганц өдөр хүүхдээ амттан чихэр, тоглоомоор “хуурах”-аас илүүтэй хүүхдийнхээ үгийг сонсохоос эхлээд “би хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна уу”, “би хүүхдээ сонсож байна уу” гэх асуултаас л хүүхдийн эрх яригдах биз.
Даан ч хүүхдүүд хамгийн аюулгүй байх ёстой гэр бүл, сургууль, цэцэрлэгт хүчирхийлэлд өртөж байгаа нь харамсалтай. Хүүхдийн баяр болохоос хэдхэн хоногийн өмнө цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан нь бичлэгээр цацагдсан нь эцэг эхчүүдийн дургүйцлыг хүргэлээ. Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах 243 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн туслах багш О нь тавдугаар сарын 29-ны өдрийн 09:41 цагт алгадах, чирч гулдрах зэрэг байдлаар хүүхдийн биед халдсан байдаг. Бичлэгээр нотлогдсон энэ үйлдэлд хүүхдийн аав ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж байгаа юм. Өдөр бүр хаа нэгтэй хаалганы цаана хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа нь гашуун үнэн.