Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг буулгаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 41 секунд

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, буулгаж эхэллээ. Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхантай тус байршилд ажиллалаа.

Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн н.Батбаатар уг газрыг худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч уг барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн байна. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг ажлыг буулгаж буй юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг барилгыг нураахад тус компанийн зүгээс бидний гаргаж буй бодлого шийдвэрийг дэмжиж, хамтарч ажиллаж буйд талархал илэрхийлье. Энэ нь бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад зөв жишиг болж байгаа нь лавтай. Цаашид барилгын компаниуд орон сууц барихдаа иж бүрэн тохижилт хийх тал дээр анхаарч ажиллахыг уриалж байна. Мөн барилгыг нурааж байх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна” хэмээлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт, ХАБЭА-н хэлтсийн дарга Б.Насанжаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хот тохижилтын газраас хууль зөрчиж баригдсан барилгуудыг нураах ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд тус барилгыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, өчигдрөөс буулгаж эхэлсэн. Ингэхдээ ойр орчмын оршин суугчидтай зөвшилцөн, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ус, дулаан, цахилгаан зэргийг хаан, замын хөдөлгөөнд тодорхой өөрчлөлт оруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Барилгыг 7-10 хоногийн хугацаанд буулгахаар 24 цагаар ажиллаж байна. Барилгын ажил дууссаны дараа ногоон байгууламж байгуулах тохижилтын ажлыг эхлүүлэх юм” гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 15 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 15 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
МАРГААШ: Улаанбаатарт 20 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 20 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц