Энэ жилийн улсын наадамд шөвгөсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахад:
Тэрбээр “Допингийн шинжилгээний хариу гурван хоногийн өмнө ирсэн нь үнэн. БНСУ-ын лабораториас хариу нь Допингийн үндэсний төвд ирсэн. Би одоогоор та бүхэнтэй адилхан хэн нь хэрэглэснийг мэдэхгүй байна. Сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрийг шууд зарлах боломжгүй. Учир нь допинг илэрсэн бөх Б сорьцоо шинжлүүлэх нь нээлттэй. Тэгэхээр Б сорьцных нь хариу гарсны дараа л нэрсийг нь зарлах боломжтой болно. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос бөхчүүдтэй уулзаад, мэдэгдэх байх. Мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй” гэлээ.