Орон сууцны залиланд өртөж орон гэргүй болсон иргэд өлсгөлөн зарласан талаар хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.
Тодруулбал, “Монтай Бүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд 2022 онд орон сууц захиалсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, хохирлоо барагдуулж чадаагүй тул иргэд өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш 14 хоног өнгөрч байгаа юм байна. Гэвч энэ хугацаанд тэдний асуудлыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын яам болон Засгийн газар анхааралдаа аваагүй тул төв талбайд үргэлжлүүлэн өлсгөлөн зарлахаар болсныг мэдэгдлээ.
Хохирогчдын төлөөлөл “Монгол хүн өнөөдөр шинэ орон сууц захиалж амьдарна гэдэг маш хүнд асуудал болсон байна. Биднийг өлсгөлөн зарлах хугацаанд нэг ч шийдвэр гаргах түвшний эрх баригчид ирээгүй. Монгол хүн ямар ч үнэ цэнэгүй болсон байна. Барилгын салбар нь шалдаа унасан, бүх хороонд ил байна. Ц.Даваасүрэнд цаас барьж очиход иргэн хоорондын асуудал, бүтэхгүй гэж суух хэрэггүй. Бидний асуудалд ийм хандлагатай бол сайд, дарга хийж яах юм бэ” гэлээ.