Анх 2009 онд хувь хүний хөгжил, эрх, эрх чөлөө тэр дундаа үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмч, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, өв соёл, уламжлал, гэр бүлийн үнэт зүйлээ дээдлэх баруун төв үзэл баримтлалаар санаа нэгдсэн гишүүд анхдугаар хурлаа хийж Ардчилсан хүчний холбооны 15 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр тус холбооны IV их хурал нь цаг үеийн нөхцөл шаардлагаар хуралдаж, нийслэлийн дүүргүүд, аймгуудын салбаруудаас 400 гаруй төлөөлөгчид оролцож, улс төрийн агуулгатай уриалга тогтоолуудыг баталжээ.
Уг тогтоолын агуулга нь "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг тодруулахдаа Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Ардчилсан намын үнэт зүйл, үзэл санаанд харш үйлдэл, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, Монголын ардчилал, эрх чөлөөнд заналхийлдэг аливаа хүчний гар хөл болсон хэсэг, бүлэг этгээдийн төлөөллийг нэр дэвшүүлэхгүй байх уриалгыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон Ардчилсан намын Удирдах дээд байгууллагын гишүүд мэдэгдсүгэй" гэжээ. Мөн эл хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг шат шатандаа дэмжиж ажиллахаар шийдвэрлэжээ.