УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Дархан улсын чанартай хотын статустай болж, хөгжлийн бодлогоо тодорхойлох, бие дааж шийдвэр гаргах эрх үүргээ гартаа авах юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дээрх ач холбогдлыг тодотгож, хуулийн төслийг хэлэлцүүлж байгаад Дарханчуудын өмнөөс талархлаа илэрхийлж, байр сууриа хэлсэн байна. Тэрбээр,
“Уг хуулийг тэсэн ядан хүлээж байгаа аймгуудын нэг бол манай Дархан хот. 1992 оноос хойш аймаг гэдэг статустай явж ирсэн. Уг нь манай Дархан бол хот юм. Ашгүй, олон жил яригдсаны эцэст улсын чанартай хот болж шийдэгдэх нь ээ. Өнгөрсөн хугацаанд төвийн бүсээс сонгогдсон гишүүд бид Дарханы дэд бүтэц, зам харилцаа, цахилгаан дулааны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтад нэлээн анхаарал хандуулсны хүчинд хотын хүн ам өсөж, өргөжин тэлэхэд суурь нөхцөлүүд хангалттай бүрдчихсэн. Одоо хоёр асуудал байна. Эхнийх нь газрын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Хоёрдугаарт, Дарханд хөрөнгө оруулалтыг бий болгож, татварын зохицуулалтыг бие дааж шийдэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Энэ талын зохицуулалт, боломжуудыг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.
Уг асуултад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тодорхой хариулт өгч, Г.Дамдинням гишүүний хүсээд байгаа эрхзүйн зохицуулалтуудад анхаарч, хуульд тусгаж буйг тайлбарлалаа. Тодруулбал,
Тухайн хотын иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулан уралдуулж хотын захирагчаа өөрсдөө сонгоно. Ингэснээр хот өөрийн хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлон, татварын орлогоо төвлөрүүлэн дахин хуваарилах эрхтэйгээр ажиллах боломж бүрдэнэ. Үүний тулд хотынхоо тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, эдгээр чиглэлийн бизнесүүдийг дэмжихийн тулд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг боломжууд нээгдэнэ. Тухайлбал,
Газар тариалангийн салбарыг дэмжихийн тулд техник тоног төхөөрөмж шинээр худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх нь хотын удирдлагуудад нээлттэй. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн татварын хөнгөлөлттэй бодлогуудыг хэрэгжүүлэх эрхтэй байна. Ингэснээр бизнес эрхлэгчид Дарханд үйлдвэр, үйлчилгээгээ байгуулах, шинэ бизнесүүд хөгжсөнөөр ажлын байр нэмэгдэж, дарханчуудын цалин орлого нэмэгдэж, амьдралын чанар богино хугацаанд эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.