Грек дэх цагаачдын хамгийн том хуаранд гал түймэр гарчээ. Энэхүү шигүү оршин суугчтай “Мориа” хуаран нь Лесбос арал дээр байрладаг байна. Цагаачдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амь насаа алдсан хүн байхгүй байна. Гал түймрийг унтраахын тулд 25 гал сөнөөгч, 10 галын машиныг дайчилжээ.
Мөн гал түймэр гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм. “Мориа” хуаранд 13 мянга орчим хүн байрлаж буй нь тогтоосон тооноос дөрөв дахин өндөр үзүүлэлт аж. Тус арлын захирагчийн орлогч Арис Хацикомниносын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, цагаачдын хуаран бүхэлдээ сүйдсэн байна. Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис гал түймрийн асуудлаар өнөөдөр яаралтай хуралдахаар товложээ.
"Мориа" хуарангийн оршин суугч, 40 настай орогнол хүсэгчээс өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор уг байгууламжид хөл хорио тогтоосон байжээ.