Иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай, орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол ногоо” төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Тэгвэл энэхүү төслийн баг одоо Ховд аймагт ажиллаж байгаа аж.
“Монгол ногоо төсөл”-ийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг буюу хот орчмын тариаланчдын хүнсний ногооны жижиг үйлдвэрлэлийг өргөжүүлэх ажлын хүрээнд онол, дадлага хосолсон хоёр өдрийн сургалт зохион байгуулж буй.
Сургалтад орон нутгийн ногоочид, цэцэрлэгийн тогооч, хоол зүйч зэрэг 30 гаруй иргэн оролцож байна. Сургалтын үеэр хүнсний ногооны ач холбогдол, хадгалалт, дахин боловсруулалт, шимт чанарыг алдагдуулахгүй хоол хийх аргачлалын талаар оролцогчдод шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүллжээ.
Энэхүү төслийн баг Ховд аймгийн Жаргалант суманд дөрөв дэх удаагаа ажиллаж байгаагаараа онцлог юм. Энэ удаа жишиг гудамжны айл өрхүүдийн тариалалтын үр дүнтэй танилцана. Тэдэнд тулгарсан хүндрэлтэй асуудлын талаар ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ хүрээнд “Монгол ногоо төсөл” хэрэгжүүлэгч “Хөдөөг шинэчлэхийн төлөө” фермерүүдийн холбоо ТББ, Швейцарын хөгжлийн агентлаг, Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллаж байгаа юм.