ШӨХТГ-аас МИАТ компанид билетийн үнээ бууруулах саналыг тавихад тус компаний зүгээс хариулт өглөө.
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр: “Бид ард иргэдийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа. Гэвч МИАТ-д албан ёсоор ирсэн нислэгийн билетний үнийг бууруулах тухай хүсэлт 1% хүрэхгүй цөөхөн байна. Бид иргэдийн гомдолд хуулийн дагуу хариултаа зохих ёсоор өгдөг.Сошиал дээр буруу ташаа ойлголт өгсөн хүмүүсрүү холбогдож “та өөрөө нисэх гэж байна уу”, “таны хамаатан садан нисэх гэж байна уу?”, “та яагаад МИАТ-ийн тухай сөрөг мэдээллийг дэмжив” гэдгийг тодруулж судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн тухай хуулийн дагуу манай нислэгийн билет хуучин үнээрээ, өнөөгийн байдалд бусад агаарын тээврийн компаниудтай харьцуулахад үнэтэй биш байгаа юм. Давамгай байдалтай ААН гэдэг утгаараа бол манайх 2015 оноос хойш үнээ нэмээгүй. Өнөөгийн тусгай үүргийн нислэгийн тариф 2015 оны баталсан байдлаар хэрэгжиж байгаа. Харин 2019, 2020 онд гарсан шинэ чиглэлүүдийн билетийн үнийг хуулийн дагуу шинээр тогтоосон. Одоо хэрэгжиж байгаа үнэ бол 2015 онд баталсан дөнгөж тухайн нислэгээ хийхэд хүрэлцэж байгаа хамгийн доод үнэ. 8-р сард Сөүл, Москва-Нур-Султаны чиглэлийн нислэгийн үнийг бид буулгасан ч одоо байгаа үнийг буулгана гэж хэлж чадахгүй. Тарифийн асуудлыг бууруулах тал дээр улсаас хөнгөлөлт үзүүлбэл тэр хэмжээгээр багасгаж болно. Манайх COVID-19 гарснаас хойш маш олон нэмэлт журам гаргаж, сургалтууд хийсэн. Тийм учраас МИАТ сонгон шалгаруулалтанд ороод шаардлагыг нь хангасан учраас тусгай нислэгүүдийг үйлдэж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх” гэв.