Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг Аюулгүйн стандартын шаардлага хангахгүй байгаа хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улаанбаатар хотод хүүхдийн тоглоомын талбай эзэнгүйдсэн байна. Судалгаанаас харвал 2018 онд 1118 хүүхэд тоглоомын талбайд тоглож байхдаа бэртэж, эмнэлгийн анхан шатны тусламж авч байсан байна. Тухайн онд хүүхдийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан бяцхан хүү амиа алдсан харамсалтай хэрэг ч гарсан байдаг. Тэгвэл 2019 онд тоглож байхдаа бэртэл авсан хүүхдийн тоо 2200 болж өссөн бөгөөд 2022 онд 2453 хүүхэд стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбайд тоглож байхдаа бэртэж, гэмтсэн гэдэг ГССҮТ-ийн мэдээлэл байна.
Эндээс харвал, аюулгүй байдлын стандарт хангасан хүүхдийн тоглоомын талбай ховор бөгөөд, засвар шинэчлэл огт хийгддэггүй тоглоомууд маш олон байна. Өөрөөр хэлбэл хариуцах эзэн байхгүй байгаагаас хүүхдүүд аюулд өртөж байгааг анхаарах шаардлагатай байна. Ер нь юм бүхэн эзэнтэй, стандарттай байж хүүхдэд ээлтэй хот болж чадна. Хүүхдийн тоглоомын талбайн арчлалт, хамгаалалт, үйлчилгээг тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж байгаа газрын эзэмшигч нь хариуцна гээд хуульдаа маш тодорхой зааж өгсөн байдаг ч энэ зохицуулалт огт үйлчлэхгүй явж ирсэн байна. Тиймээс цаашид хүүхдийн тоглоомын талбайг эзэнтэй болгож, стандартыг хангахын тулд СӨХ, иргэн, ААН-үүдтэйгээ нийслэл хот хамтарч ажиллана" гэв.